Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна
Цоохор ирвэс нь дэлхийд нэн ховордсон, Монгол, ОХУ-ын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор зүйл юм.Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм. Цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан. Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг.
Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрснөөс болж энэ амьтанд дарамт нэмэгдсээр байна. Тиймээс хамгаалалтын захиргаадтай хамтран “Монгол Улс, ОХУ-ын хил дагуух Сийлхэм, Чихачёвын нуруу, Цагаан шувуутын Дархан цаазат газар дах цоохор ирвэсний популяцийн мониторинг” сэдвийн хүрээнд судалгааны ажил явуулж, хамгаалах арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх ажлын хүрээнд цоохор ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүн гүйдэл шилжилт, идэш тэжээлийг судлах зэрэг ажлуудыг хийж байна.
Үүнд:
• Увс нуурын ай савын дархан цаазат газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагчдын хамт хууль бус агнуур гарч болзошгүй газруудад ангийн улирлын үер эргүүл хамгаалалтын хэсгүүд ажиллуулж тайлангийн хугацаанд цоохор ирвэс, аргаль хонь, идлэг шонхор, монгол тарвага зэрэг ховор, нэн ховор, улаан номонд бүртгэгдсэн амьтдыг хууль бусаар агнасан тохиолдол гараагүй.
• 2014 оны 7, 10-11, 2015 оны 1, 3, 5-р саруудад цоохор ирвэсний популяцийг автомат зургийн аппарат ашиглан тоолох, молекул генетикийн шинжилгээ хийх, цоохор ирвэс барьж, хүзүүвчлэх ажлуудыг Цагаан шувуутын Дархан цаазат газарт тус тус хийсэн.
• Цагаан шувуут уулын дархан цаазат газрын Монголын хэсэгт 40 хүртэл тооны автомат зургийн аппаратыг байнга байршуулж ажиллуулав.
• 2014 оны 10-р сарын 30-нд 3 настай цоохор ирвэс барьж Цагаан гэж нэрлэн сансрын дохиололтой хүзүүвч зүүж өдрийн болон улирлын идэвх, хил дамжин нүүдэллэх зам, идэш тэжээлийг судласан
• 2015 оны 4-р сард ОХУ-Монголын биологчид, Увс нуурын ай савын дархан цаазат газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид хамтран дахин цоохор ирвэс барьж хүзүүвч зүүн судлахаар21 хоног ажилласан боловч харамсалтай нь энэ удаад цоохор ирвэс барьж чадсангүй.
• Цоохор ирвэсний идэш тэжээлд зонхилох үүрэг гүйцэтгэдэг янгир ямаа, монгол тарвага, аргаль хонины судалгаа, тооллого явуулж хамгаалах арга хэмжээг дархан газруудад санал болгов.
• Тус нутгуудад жуулчдыг татах зорилгоор аялал жуулчлалын маршрутыг шинэчлэхэд зөвлөж ажиллан дархан газар аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн хэвлүүлж иргэд, жуулчдын хүртээл болголоо.
• Увс нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргааны 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэн ойн эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэх, хэвлүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн бөгөөд ирвэс хамгаалах ажил идэвхтэй үргэлжилж байна.
olloo.mn