Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид ОХУ-тай төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт хотоос Арцсуурь боомт хүртэл 770 км урттай төмөр замын шинэ шугам барьж байгуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлснээс эхний ээлжинд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 581 км урттай төмөр замын шинэ шугамыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулсан юм.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд 1 үндсэн өртөө, 8 зөрлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байна. “Нортерн рейлвейс” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button