“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид бүх нийтийг жагсаал, цуглаанд уриаллаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 гаруй ажилтан өнгөрсөн долоо хоногоос эхлэн төв байран дээрээ суулт зарласан. Тэд 206 хүнийг  Хятадын компанид шилжүүлэх болсныг эсэргүүцэн ийн суулт зарласан билээ. Суулт зарласан ажилчдын төлөөллийг компанийн удирдлагууд хүлээн авч уулзаж, асуудлыг хэлэлцэхгүй байгаад ажилчдын зүгээс гомдолтой байгаагаа дуулгаж хэрэв байдал энэ хэвээрээ цааш үргэлжилбэл ажилчид өлсгөлөн зарлана  хэмээн мэдэгдээд байсан юм.

 

Ингээд долоо хоногийн сүүлээр  компанийн удирдлагууд мэдээлэл хийж ажилчидтайгаа зөвшилцөж асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн юм.Ингэхдээ ажилчдаа өөр компанид худалдаагүй, нэг жилийн хугацаатай ажиллуулахаар болсон гэсэн юм.

 

Харин ажилчид нь нэг жил ажилчихаад эргээд ирэхэд ажлын байр байх эсэх нь тодорхойгүй, мөн олон жил ажилласан туршлагатай ажилчдыг шилжүүлэн  авахдаа шалгаж  авна гэснийг эсэргүүцэж байгаа  юм. Ямартай ч Эрдэнэс тавантолгойн ажилчдын төлөөлөл өнөөдөр дахин мэдээлэл хийж, компанийн удирдлагуудтайгаа  ямар ч зөвшилцөлд хүрээгүй тул маргаашаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдлээ. Тэд маргааш 12:30 цагт олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхээр болжээ.

Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн  ажилчдаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ажилчид яагаад суулт зарлах болсон бэ?

-Бид хөдөлмөрийн  хуулийн дагуу хамтын гэрээ байгуулах ажлаа яг эхэлж байтал та нар өөр компанид шилжих гэж байгаа юм чинь гэрээ байгуулах хэрэг ер нь байна уу гэж удирдлагуудын зүгээс хэлсэн. Ингээд бид юу болсон талаар тодруулахад өөр компанид шилжих болсон байсан. Ингээд хамтын гэрээ хэлэлцээр хийх ажлыг санаатайгаар удаа дараа хойшлуулж байсанд ажилчид бухимдсан.

-Ажилчдыг Хятадын компанид шилжүүлэх болсоныг та  бүхэнд албан ёсоор хэлсэн үү? хэлсэн бол хэзээ мэдэгдсэн бэ?

-Ер нь бол  ажилчдыг өөр компанид шилжүүлэх гэж байгааг бидний зүгээс   мэдсэн байсан. Компанийн удирдлагын зүгээс бол бидэнд албан ёсоор мэдэгдээгүй.

-Яг хичнээн ажилтныг хэзээнээс шилжүүлэхээр болсон юм бол?

-Нийт 206 ажилтан шилжүүлэхээр болсон. Харин яг хэзээ гэдэг нь тодорхойгүй. Хэзээ ч байж болох талтай.

 

-Компанийн удирдлагуудын чинь зүгээс шилжүүлэх 200 гаруй ажилчин хоёр жил гаруйн хугацаанд ажилгүй суусан. Ингэхдээ цалингийн 60 хувийг авч байсан. Тиймээс шилжүүлэх болсон. Эдгээр ажилчид 60 хувийн цалин аваад сул зогсолт хийгээд байх сонирхолтой байх шиг байна гэж мэдэгдсэн шүү дээ?

 

-Бид хоёр жил ажилгүй суусан зүйл байхгүй. Энэ бол компанийн удирдлагуудын тараасан буруу мэдээлэл байна.

-Тэгэхээр ажилчид цаашид юу хийх вэ?

-Компанийн удирдлагуудтай шийдэлд хүрэхийг бид хүссэн. Гэвч ойлголцолд хүрсэнгүй. Тиймээс тэмцлийн дараагийн  хэлбэрт шилжих гэж байна. Эхний ээлжинд бид олон нийтийг  хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахаар болоод байна.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button