Олон улсын эрдэмтэд Монголд чуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчилсан. Энэ үеэр Иранд 100 орчим жил оршин тогтносон Монголын Эл /Иль/ хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

 

Энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.

 

Хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцох аж.

 

Уг хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын талаар хэлэлцэх юм байна. Мөн Монголын Эл хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын талаар гадаад дотоодын эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, гаргалгаагаар Эл /Иль/ хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг  улам баяжуулахад хэрэглэх юм байна.

 

Тус хурал энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдвийн дор зохиогдох аж.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button