Гурав дахь хэлэлцүүлгээр төсвийн тодотголд оруулах өөрчлөлтүүд

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

-Хуралдаанаар төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох /бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном, хэвлэл, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, техник хэрэгсэл, тавилга, хөдөлмөр хамгааллын хэрэглэл, урсгал засвар, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, тээврийн хэрэгслийн оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, бараа үйлчилгээний бусад зардал, бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал/ урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах замаар нийт 8,089.8 сая төгрөгийг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжлээ.

-Мөн урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн өндөр албан тушаалтантай адилтгах төрийн албан тушаалтны зэрэг, зиндаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.14, 6.1.15-д заасан улс төрийн албан хаагчид болон сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан төсөвт 1,599.3 сая төгрөгийг нэмж тусгахаар болов.Ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 81.7 хувь нь дэмжив.

– Түүнчлэн Д.Дэмбэрэл гишүүн төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан хасагдсан цалингийн зардлыг төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн 73.3 хувийн дэмжлэг авсан юм.

– Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багц дахь Улсын драмын эрдмийн театрын урсгал зардалд шаардагдаж буй 100.0 сая төгрөгийг нэмж тусгах санал дэмжигдлээ.

-Хөрөнгийн зардлыг бууруулах, дотор нь зохицуулалт хийх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацааг өөрчлөхтэй холбогдсон саналуудаар санал хурааж шийдвэрлэв.

-Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороод хуралдана.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button