“Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцлоо

Пүрэв гариг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 11 мянган га газар буюу Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын  тогтоолын төслийг өргөн барьсан гэж Н.Батцэрэг сайд хэллээ.

Тус салбарт 2015-2016 онд шинээр хэрэгжих төслүүд, ногоон хөгжлийн бодлого, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ус, газар, ойн нөөц, аялал жуулчлалын бодлого болон агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35,310,0 төгрөг улсын төсөвт төвлөрсөн. 2014 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20,122,7 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулсан. Эндээс дүгнэхэд тус хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна гэж Н.Батцэрэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button