М.Бадамсүрэн: УИХ тогтоол баталчихсан учраас Халхгол бидний мэдлээс гарсан

Монгол улсын халдашгүй дархан байдлын төлөө Халхголын сав газарт  түүхэн тулаан болж байсан.  Монгол, Зөвлөлтийн олон  мянган цэрэг эрс халуун амь, бүлээн цусаа урсган байж энэ газрыг хамгаалж үлдсэнийг түүх гэрчилнэ. Тэгвэл дайн дажингүй энх цагт Халхголын уудам тал нутаг харийнхны хөлд дарагдахад ойрхон болоод байна. Тодруулбал  Халх голд ХАА-н чөлөөт бүс байгуулах тогтоолыг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Энэ үеэс халх голыг тойрсон асуудал Дорнод аймгийн мэдлээс хэтэрч, бүх ард түмний асуудал болоод буй. Р.Бурмаа тэргүүтэй УИХ-ын 75-р тогтоолыг батлалцсан эрхэм гишүүд ард түмэнд үнэн мэдээ, мэдээллийг ил тод зарлахгүй, ард түмний тархийг хий хоосон угаах гэснээс эцэстээ жагсаал, тэмцлийн хэлбэрт шилжээд байгаа. 

Хэрэв 75-р тогтоол гээч батлагдвал Халх голд хүн амын гурван хувьтай дүйцэхүйц гадны иргэд л орж ирнэ. Хамгийн гол нь ашиглагдахгүй байгаа 500 мянган га үржил шимтэй талбайг ашиглаж, хүнсний ногоог экспортод гаргах боломж гаргана хэмээн тайлбарлах.

Гэтэл Монголын нийт хүн амын хүнсний хэрэгцээг 200 мянган га талбай л бүтэн хангана гэдгийг хүнс тариалан эрхлэгчид тайлбарлаад зогсохгүй "Бидэнд ч Халх голын онгон дагшин газраас чимх шороо олддоггүй. Халх голын ялзмаг хөрс бол улсын нөөцийн газар. Үүнийг тусгай хууль тогтоомжоор ч баталгаажуулсан байдаг. Яах гэж гадны иргэдэд Монгол Улсынхаа хамгийн үржил шимтэй газар нутгийг өгөх гээд байгааг ойлгохгүй байна" гэцгээж байгаа юм.

Түүнчлэн энэ талаар хуульч Г.Батбаяр "Чөлөөт бүсийн тухай хуулийнд зааснаар тухайн улсын хүн амын гурван хувьтай тэнцэх иргэд тэр бүс нутагт амьдрах боломжтой байдаг. Эндээс 100 мянган гадны иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хууль бусаар төдий хэмжээний хүмүүс амьдарна гэсэн үг. Улмаар тэнд 20, 30 жил оршин суухад л тэдний үр хүүхэд, хийж босгосон бүтээн байгуулалт нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Улмаар бүхэл бүтэн улсын дотор тусгаар улс үүсч байна гэсэн үг" хэмээгээд буй. 

Иймд манай сурвалжлах багийнхан Дорнод аймагтай танилцах үеэрээ тус аймгийн удирдлагуудаас санал бодлыг нь сонссон юм.

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: Нэгэнт УИХ тогтоол баталчихсан учраас бидний мэдлээс гарсан\

– Дорнод аймаг 2009 оноос эхлэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжиж ирсэн. Ингэхдээ Халх голын Баянхошуу боомтыг түшиглээд урд хөрштэйгөө тэнцүү хэмжээгээр 5-10 га газрыг чөлөөлж хил дамнасан чөлөөт бүс байгуулъя гэдэг саналыг аймгийн ИХТ-өөс уламжилж ирсэн.

Хамгийн сүүлд гэхэд, 2014 онд миний өмнө ажиллаж байсан засаг дарга Эдийн засгийн хөгжлийн яаманд энэ хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Түүнээс биш орон нутгийн зүгээс 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгоё гэдэг тогтоол шийдвэрийг огт хүргүүлээгүй.

Гэхдээ энд нэг зүйл тодорхой байгаа. Чөлөөт бүс болгоно хэмээн УИХ-ын тогтоолоор баталгаажна гэдэг бол үндсэндээ асуудал орон нутгийн эрх мэдлээс гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд Улсын мэдэлд Халх голыг шилжүүлсэн. Тиймээс энд бидний эрх мэдэл, хүсэл сонирхол хүчин мөхөстөөд байна.

Түүнчлэн ХХААЯ-наас манайд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Олон газрыг судалж үзсэний дүнд Халх голд чөлөөт бүс байгуулахад хамгийн тохиромжтой юм байна. Энэ асуудлыг дэмжиж өгнө үү” гэсэн албан тоот ирсэн. Гэхдээ манайхаас энэ асуудлын дагуу иргэдийн хурлаа хуралдуулж, ямар нэгэн тогтоол шийдвэр гаргаагүй учраас хариу өгөөгүй байсан юм.Тийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар: Эцэг, өвгөдийнхөө амиар сольсон нутгийг зүгээр өгчихгүй\

– Халх голыг Наадмын өмнөх өдөр гадаадын иргэдэд чөлөөт бүс нэрийдлээр өгөх болсон байна. Бид энэ тал дээр Г.Батбаяр өмгөөлөгчтэй нэг байр суурьтай байгаа. Хэрвээ үнэхээр газар тариалангийн чөлөөт бүс болгоно гээд гадны иргэд ороод ирвэл, эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн. Яг энэ чиглэлээрээ бид хэд, хэдэн өмгөөлөгч авч, эхлээд хуулийн дагуу арга хэмжээг нь авахаар зэхэж байна. Ямар ч байсан эцэг, өвгөдийнхөө амиараа сольсон нутгийг зүгээр өгчихгүй” гэлээ.

Түүнчлэн биднийг Чойбалсан хотноо очиход Халх голын чөлөөт бүсийн тухай амтай болгон уралдан ярьж байсан бөгөөд нутгийн иргэд "Эрс эсэргүүцнэ. Хэрвээ үнэхээр гадны иргэдэд өгөх дээрээ тулах юм бол эцэг өвгөдийнхөө цус, хөлсөөрөө авч үлдсэн газар нутгийн төлөө босож тэмцэхэд бэлэн" гэдгээ ч хатуухан хэлж байлаа.Тэгвэл өнөөдөр тэд хэлсэн үгэндээ эзэн болохоор Чингисийн талбай дээр жагсаал хийсэн.

Нутгийн иргэд Р.Бурмаа сайдыг Халх голд очиход орох замыг нь хааж, хадаад, хайрсаар байж хөөгөөд явуулсан.Харин сайд буцах замдаа автын осолд орсон гэдгийг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр нутгийн иргэд засагтай, засаггүй Халх голын төлөө босож тэмцэх нь баараггүй боллоо. Дашрамд дурдахад, тэд Р.Бурмаа сайдыг Халх голын газраас хамаатан садандаа тасдаж өгсөн учраас ийнхүү улайран тэмцэж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button