Төв цэвэрлэх байгууламжийн засварлах ажилд ажлын хэсгийг гаргалаа
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны баасан гарагийн /2015.10.30/ хуралдаанаар цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. 50 гаруй жил ажиллаж байгаа тус байгууламж өнөөдөр хоногт 170.000 шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг байна. Тус байгууламж 500.000 хүн ам бүхий суурин газарт ажиллах ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан.
Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Энэ мэтээр хүндрэлтэй олон асуудал үүсээд байгааг тэрээр танилцуулгадаа дурдаад төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Су.Батболд нар зарим зүйлийг тодруулж, холбогдох саналуудыг гаргасан юм. Ингээд гишүүдийн саналын дагуу гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтлоо.
olloo.mn