Бахархалт Монгол хүн

Монголчууд бидний бахархал олон. Мянганы суут хүн эзэн Чингис хаан, нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их түүх, өвөг дээдсээрээ бахархана. Уудам газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархана. Монголынхоо нэрийг дуурсгасан эрдэм оюун төгс Монгол хүнээрээ бахархана. Энэ  бүгд яах аргагүй бидний бахархал мөн. Тэгвэл  эгэл жирийн иргэдийн дунд ч  бахархалт хүмүүн олон бий. Тэдний нэг  бол “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Т.Пүрэвбаатар юм. 

Тус шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцохоор ирсэн нэгэн хүн олны анхаарлыг эрхгүй татаж байв. Дөрвөн мөчгүй, гэр бүлийн хүнээрээ тэргэнцэр дээр түрүүлэн ирсэн түүнийг  юу үзүүлэх бол гэж гайхах нэгэн байхад, хэдийн түүнийг авьяаслаг лимбэчин гэдгийг мэдэх хүмүүс ч нэлээдгүй байсан юм. Түүнд бурхан тэнгэр сэтгэлийн их тэнхээ, авьяасыг харамгүй заяажээ. Мөн сайн ханийг ч илгээжээ. Улаанбаатарын унаган хүүхэд тэрбээр бага насаа биокомбинатад бусдын адил л  өнгөрөөжээ.

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй түүнийг үеийн нөхөд нь гадуурхах нь  бүү хэл харин ч элгэмсэг дотноор найзалж, нөхөрлөн, үүрч дүүрч том болсон байна. Энэ бол түүний өөрийнх нь  хувь хүний элгэмсэг дотно, хөгжил хөөртэй цовоо сэргэлэн зантай холбоотой. Тэрбээр ингэж төрсөндөө хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй бөгөөд бусдын л адил өөрийн авьяас, хичээл зүтгэлдээ найдан амьдарч иржээ. 

Дунд сургуулиа дүүргээд хүсэл мөрөөдлийнхөө дагуу Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураач мэргэжлээр дүүргэсэн байна. Харин эзэмшсэн мэргэжлээрээ нэгэн өрх бүлийг тэргүүлэн явах боложмгүй байсан тул тэрбээр төрөлхийн авьяасаа ашиглан олон хөлийн газар либмэ тоглож эхэлсэн байна. Энэ үеэс түүнийг нийслэлчүүд мэддэг болж, хайрлан хүндлэх болжээ.

Нэлээд хэдэн жил гудамжинд /Меркури захын ойролцоо/ хөгжим тоглон амьдралаа залгуулсан тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцох шийдвэрийг гаргасан нь түүнийг Монгол орон даяар танигдах үүдийг нээжээ. Өнөөдөр түүнийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Түүний сэтгэлийн асар их хатыг, бурхнаас заяасан өчүүхэн төдий авьяасыг бахдахгүй хүн Монголд үгүй. Т.Пүрэвбаатарын амьдралын төлөөх тэмүүлэл, түүний эхнэр Б.Мөнхтуулын агуу их хайр Монголын эгэл жирийн нэгэн амьдралын сайхан жишээ болсоор байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button