Н.Батбаярын зориг, Ё.Отгонбаярын айдас
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Цог, бие даагч С.Ганбаатар нарын зэрэг 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төслийг санаачлан зургаан сар нухаж байж бэлэн болгоод 2013 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд дурайгаад үлдэж. Хоёр жил гурван сар дарагдсан Өршөөлийн тухай хууль өнгөрсөн наймдугаар сарын 11-нд арайхийн батлагдсан ч мөн л хоёр сар хагас хэрэгжихгүй дарагдаж байгаад өнгөрсөн баасан гарагт батлагдав.
Сүүлийн удаа хоёр cap хагас дарагдсан нь Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл, заалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьснаас үүдэлтэй. Чухамдаа Монгол Улсын Ерөнхийлөгч “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, залилан мэхэлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн” цагаан захтнуудыг Өршөөлийн хуульд хамруулахгүй гэснийг УИХ-ын гишүүд сайтар маргалдаж, мэтгэлцсэний үндсэн дээр “За” хэмээн хүлээн зөвшөөрч хуулиа батласан. Ерөнхийлөгч зарим зүйл заалтад нь хориг тавьж, түүнийг УИХ хүлээж авсан Өршөөлийн хууль батлагдаад гуравхан хонож байгаа ч Монголын шоронгуудаас 2500 орчим хоригдол эрх чөлөөтэй болж суллагдаж, эхлээд байгаа.
Энэ хуулийг анхлан санаачилсан “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хамгийн гол нь МАХН- ын дарга Н.Энхбаярыг 2016 оны сонгуульд өрсөлдөх эрхийг нь сэргээх зорилготой байсан ч Ерөнхийлөпнийн хориг Өршөөлийн хуульд сууснаар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь сэргэхгүй болж байгаа. Учир нь, сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дотор буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т “Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх" гэж заасан нь Н.Энхбаяр даргад хамаарахааргүй болсон.
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы үеэр өөрийнх нь болон хаацайлан тэмцэж байгаа хүмүүсийнх нь эрх ашиг хөндөгдөнгүүт зарим гишүүн тун сонирхолтой олон янзын ааш авир гаргасан билээ. Өршөөлийн хуулийг анх санаачилсан З.Баянсэлэнгэ гишүүн ихээхэн бухимдаж “Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдах асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын 76 гишүүнийг өршөөлд хамруулахгүй байхаар хуулиа баталъя гэх санал гаргаж бусдынхаа нүдийг бүлтэгнүүлж, даралтыг нь ихэсгээд авсан.
Тэрээр “Зуны зусан УИХ Өршөөлийн хууль ярилаа, гараас гардаггүй. Өршөөлийн хуулиа удаалгүй түргэн батлах ёстой. Нэг юмыг нэмж баталъя, УИХ-ын 76 идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд хууль батлах нь гэж ярьж байна. Энэ хуулийг баталдгаараа баталъя, 76 гишүүнд аль нэг заалт нь хамаарахгүй гэдэг хуулийг баталъя” гэхэд Ё.Отгонбаяраас эхлээд Л.Болд, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж тэргүүтнүүд чухам яс нь хавталзаж, хөндүүр газар нь балбах шиг л болсон нь тодорхой. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “76-г хамруулахгүй гэдэг юу гэсэн үг вэ, өршөөнө гэж дотроо шийдчихээд энэ нь 76-д хамаагүй гэж будилуулах хэрэггүй. Авлига, албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будлиантуулах хэрэггүй. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд байгаа, тэд өршөөлд хамрагдахаар болчихвол яах вэ” хэмээн бухаж үзнэ лээ.
Ё.Отгонбаяр гишүүний хувьд Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн хориггүй батлагдсанаас хойш л “Шалгагдаж байгаа гэчихээд, түдгэлзүүлсэн гэдгийг нь яагаад хэлэхгүй байгаа юм. Улсын ерөнхий прокуророос ирсэн бичиг нь надад байна. Хохирогч байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна. Эдгээр хэрэгт Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцоогүй байна гээд прокурор бичсэн байна. Үүнийг хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр сэжигтэн, гэмт хэрэгтэн юм шиг яриад байх юм. Хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр түдгэлзүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Хохирол байхгүй юм бол яагаад хэрэг үүсээд яваад байгаа юм” хэмээн нэлээн бухимдсан, сандарсан мэдэгдлүүдийг хийж байсан. Магадгүй Н.Батбаяр гишүүний зориглон дуугарснаар УИХ-ын 76 гишүүн өршөөлийн хуульд хамрагдахааргүй болсон бол Ё.Отгонбаяр, Л.Болд гишүүд хэрэгтэн болдоггүй юм гэхэд “Адгийн зарга 10 хоног" гэгчтэй учрах нь тодорхой болно. Хамрагдсан бол тэдний хувьд “Бүх юм оке”.
Ямар ч гэсэн Монголын нийгэмд хоёр cap хагасын учир битүүлэг хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль батлагдаж олон мянган хүн эрх чөлөөтэй золгож, зарим нэгэнд нь маш том итгэл найдвар чирэн ирэв. Харин Өршөөлийн хууль аль наймдугаар сарын 11- нд батлагдсан ч яагаад хэрэгжээгүй юм бэ гэвэл МАН долоон өдөр, "Шударга ёс эвсэл” 13 хоногоор хоёр удаа завсарлага авснаас үүдэлтэй. Тэгвэл Ардчилсан нам нэг ч удаа завсарлага аваагүйгээрээ авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт анхнаасаа “Үгүй” гэж хэлсний баталгаа болов уу.
Өршөөлийн хууль батлагдах үеэр ажиглагдсан сонирхолтой үзэгдэл нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой базаахгүй үйлдэлд нэр нь дурдагдсаар байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Н.Батбаярын зоригтой горимын санал, Ё.Отгонбаяр гишүүний цагаа олоогүй айдас, сандруухан үг байсныг Монголын нийгэм янз бүрээр хүлээн авч тайлбарласаар байгаа.
Чухам ямар учиртай болохыг угтан ирэх цаг хугацаа Монголын нийгэмд дэлгэн үзүүлэх нь гарцаагүй. Хэтийдсэн зориг, хулжиж дайжсан айдас аа гэж.
Өглөөний сонин
Д.Түвшин