Боловсролын салбарт 30 сая ам.долларын төсөл хэрэгжихээр боллоо
БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр Монголын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төсөл нь сургууль бүрийг эх хэл, математик ба байгалийн ухааны хичээлийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээг зохион байгуулах, бага ангийн багш бэлтгэх ба мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход зориулагдах юм.
Төслийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголын улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын тогтолцоог чанарын шинэ шатанд хүргэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадах чадварлаг иргэдийг хөгжүүлэхэд уг төсөл онцгой хувь нэмэр оруулж чадна гэж найдаж байна. Монгол улсын боловсролын чанарыг шинэ шатанд хүргэх зорилготой шинэчлэлийг гардан хэрэгжүүлэх амаргүй бөгөөд далайцтай үйл явцын маш чухал цаг үед энэхүү төсөл эхэлж буйгаараа онцлогтой юм.” хэмээн онцоллоо.
“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр шимийг Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургууль хүртэх юм.