"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн албан тушаалтнуудыг цагдаагийнхан "саатуулсан уу"

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим нэг хүмүүсийг хурал хийх гэж байхад нь байцаалт авна хэмээн аваад явсан талаарх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн сард автобус компанийнхан тус компанитай учир зүйгээ олж чадалгүй ажил хаялт зарлаж нийслэлчүүдийг гурван өдөр явгалж байсан. Ингээд нийтийн тээврийн газар, нийслэлийн удирдлагууд, автобус компанийнхан зөвшилцөлд хүрч асуудлыг шийдэхээр болж байсан.

 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэдний шийдэлд хүрсэн гэх олон асуудлууд амьдрал дээр биеллээ олж чадалгүй өнөөг хүртэл сунжирсаар байгаа ажээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхийн тулд ААН-үүд болон “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өөрсдийн байрандаа өдөр болгон шахуу хурал зарладаг гэнэ. Тэдний ээлжит энэхүү хуралдаан өчигдөр тус компанийн байранд   11:00 цагт болохоор товлогдож хуралд оролцох ёстой албаны  хүмүүс ирээд байхад нь смарт карт компанийн нэр бүхий хүмүүсийг байцаалт авна хэмээн цагдаагийнхан авч явсан байна.

 

Хурал хийх гэж байхад “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн дарга нарыг цагдаагийнхан аваад явчихсан

 

Ингээд эх сурвалж мэдээлэхдээ “Өнөөдөр уг нь бид ээлжит хурлаа хийх гэж байтал Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” компанийн удирдлагуудыг аваад явчихлаа. Тэгээд бид хурлаа ч хийж чадсангүй шийдэлд ч хүрсэнгүй. Яагаад тус компанийн удирдлагуудыг ямар учир шалтгааны улмаас авч явав гэж бид гайхаад хоцорлоо. Мэдээж ямар нэгэн ноцтой асуудал байсан болоод л хуулийнхан авч явсан байх л даа. Яг ийм тийм гээд хэлчихээр тоймтой зүйл байхгүй учраас тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна. Хамгийн гол нь өнгөрсөн сард нийслэлийн удирдлагууд болон тус компанийнхан автобус компанийн ажилчид болон дарга цэргүүдийн талаар маш худлаа мэдээлэл тараасан.

 

Тухайлбал, НИТХ- аар нэг цагийн тарифийг 32600 төгрөг байхаар баталсан. Гэтэл одоог хүртэл энэ асуудал хэрэгжиж чадалгүй явж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ ч байхгүй гэсэн үг. Тиймээс олон ААН-үүд хохироод л явж байна. Тиймээс уг асуудлыг шийдэх гэж хурал зарлаад байтал нөхдүүдийг аваад явчихлаа. “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өнгөрсөн сард олон нийтэд мэдээлэл хийхдээ автобус компаниуд руу асар их

хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж ярьсан. Яг үнэндээ тэдний шилжүүлсэн мөнгө түлшиндээ зарцуулагдаад л дуусдаг шүү дээ. Тухайлбал, та нар бод доо 1000 автобус шугаманд явж байгаа. Өдөрт нэг автобус шугамд гарлаа гэхэд хамгийн багаар 100 литр түлш хэрэглэж байгаа. Тэгэхээр тэдний шилжүүлсэн гээд байгаа мөнгө түлшиндээ л зарцуулагдаж байна. Бодит байдал ийм байхад автобус компанийн удирдлагуудыг хувьдаа завшлаа, шалгуулна гэж дөвчигнөж байсан. Энэ бүх мэдээллээрээ олон нийтэд бидэнд мөнгө өгсөн мэтээр буруу ойлголт өгсөн. Та нар аль ч комланийн удирдлага болон жолооч нараас асуугаад үзээрэй. Бид нар өнгөрсөн долоодугаар сарын 29-нөөс хойш одоог хүртэл цалингаа авч чадаагүй явж байгаа. Энэ бол бодит үнэн шүү. Тиймээс дээрх хүмүүсийг хурал хийх гэж байхад нь урьдчилан мэдэгдэхгүйгээр авч явсан нь нэлээд асуудал бий гэдгийг гэрчилж байж ч болох юм” гэлээ. Ямартай ч эх сурвалжийн хэлж буйгаар тус компанийн нэр бүхий хүмүүсийг урьдчилж мэдэгдэхгүйгээр цагдаа нар авч явсан бололтой. Чухам ямар учраас гэдгийг бид Эрүүгийн цагдаагийн газраас асууж сурагласан боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

Харин өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн удирдлагууд дараах тайлбарыг хийж байсан юм. Тэд хэлэхдээ “Автобус компанийнхан хоёр сарын турш орлогыг нь өгөөгүйгээс болсон гэжмэдээлэл өгсөн байна лээ. Манай төсөл Худалдаа хөгжлийн банктай түншилж ажилладаг. Бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Бид мөнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж өгсөн цаг, минутаар хуваарилах журам юм. Долоодугаар сарын 29-нд манай төсөл нээлтээ хийгээд хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл нийт 21 ААН 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг олоод бид зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Өөрөөр хэлбэл орлого орж ирсэн өдөрт нь бид ААН-д шилжүүлж байсан” гэсэн юм. Ямартай ч тус компанийн удирдлагуудын ярьсан энэхүү яриаг автобус компанийн захирлууд үгүйсгэж өөрсдийгөө хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан юм.

 

“Улаанбаатар смарт Карт” тендерт шалгараагүй

 

Асуудлын гол учир нь гэвэл өнгөрсөн хугацаанд  “Улаанбаатар смарт Карт” ХХК “мөнгө угаах машин уу” гэсэн хардлага олон нийтийн дунд хөвөрч байсан. Тухайлбал, энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг ийнхүү хэлж байсан. Тэрбээр “Улаанбаатар смарт карт” компани тендерт шалгараагүй гэдгийг мэдэх юм. Харин “Дата карт консерциум” гэж компани шалгарсан гэдэг. Гэтэл консерциум нь эрхээ шилжүүлсэн юм уу, яасан юм бүү мэд. Ямар ч байсан өнөөдөр өөр компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд өгөөгүй. Тийм учраас тодорхой юм хэлж чадахгүй нь. Худалдан авах ажиллагааны газрынхан л мэдэх байх. Уг нь сонгон шалгаруулалтаар шалгарсан  компани нь яаж ажиллах ёстой юм. Энэ бүхнийг тодорхой мэдээлэх л хэрэгтэй. Анх монгол инженерүүд тав, зургаан сая ам.доллараар хийх санал өгсөн гэсэн. Гэтэл өнөөдөр зөвхөн гарааны хөрөнгө гэж 13 сая ам.доллараар энэ төслийг хэрэгжүүлж байна. Уг нь хамгийн бага үнэтэй санал хэрэгжих ёстой. Гэтэл энэ компани ямар журмаар, хэрхэн шалгарсныг нь мэдэхгүй юм. Нийслэлийн удирдлагууд л үүнд тодорхой тайлбар хийх байх” хэмээсэн.

 

Бидний олж сонссоноор “Улаанбаатар смарт карт" компанитай өрсөлдсөн монгол залуу нэг төхөөрөмжөө 1.100.000 төгрөгөөр нийлүүлье гэсэн санал тавьсан юм билээ. Энэхүү төхөөрөмжийн мөнгөө автобус компаниудын олсон орлогоос нэг хувийг нь л авч барагдуулна гэсэн санал тавьсан ч хотын удирдлагадууд хүлээж аваагүй гэдэг.

 

Тиймээс л өнгөрсөн хугацаанд   төслийг хэрэгжүүлэх явцад автобусанд суурилуулсан карт уншигч төхөөрөмжийн үндсэн үнэ нь 1800 ам.доллар байхад уг төслийг хэрэгжүүлэгч ‘‘Улаанбаатар смарт карт” компани нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулсан юм бэ гэх асуултууд ар араасаа хөвөрч байсан. Юутай ч тус компанийн удирдлагуудыг цагдаагийнхан авч явлаа. Чухам ямар асуудлаар  юм бол гэдэг нь олны анхаарлыг төдийгүй автобус компанийнхны анхаарлыг татаж эхэллээ. Бид энэ талаарх мэдээлийг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button