Г.Шийлэгдамба сайд “HUAWEI” компанийн төлөөлөгчтэй хамт хоригдсон уу
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрсөн лхагва гарагт АТГ-ын алба хаагчид 4-5 хүний хамт баривчилсан байна. Өдгөө Г.Шийлэгдамба сайд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Энэ асуудлаар МАХН-аас өчигдөр мэдээлэл хийж улс төрийн зорилготой баривчилгаа явагдсан. Г.Шийлэгдамба сайдыг гэмт хэрэг хийх хүн биш хэмээн мэдэгдсэн. Харин түүнийг баривчлагдсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн юм. Ингээд түүнтэй хамт жолооч, туслах болон өөр хэдэн хүнийг саатуулсаны дотор түүнд авлига өгч байгаад баригдсан хүн байгаа гэх мэдээлэл байна.
ЭМС-ын сайдын баривчлагаатай холбоотой АТГ-аас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч түүний нэр дээр эрүүл мэнд, спортын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мөнгө төгрөгтэй холбоотой гомдол ирсэний дагуу тус газраас гурван ч удаа мэдэгдэл хүргүүлж байжээ. Г.Шийлэгдамба сайдын нэр дээр АТГ-аас албан бичиг ирж байсныг намын нөхөд нь ч үгүйсгээгүй юм. Ингээд албан бичиг хүргүүлсэнийхээ дараа ийн саатуулсан байна.
Саатуулах үндэслэлийг эх сурвалжууд дараах байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж байсан. 2013 онд Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан эмнэлгийн тусламж үйлчилгээний ес, алсын зайн оношлогоо эмчилгээний болон тандалт судалгааны тус бүр хоёр, эмийн мэдээллийн гурван программыг үр дүнгээ өгөхгүй байна гээд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Үүний дараа 2014 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хрүээнд “Цахим эрүүл мэнд төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж улсын 15 эмнэлэг, есөн дүүрэг, нийт аймгийн 48 эмнэлэгт долоон мянган компютер, 48 цахилгаан генератор нийлүүлэхээр болсон.
Үүний дараа дээрх эмнэлгүүдэд эмнэлгийн программ хангамж нийлүүлэхээр болж БНХАУ-ын “HUAWEI” компани хамтран ажиллахаар болжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дөрвөн компани материалаа ирүүлсэн байна. Н.Удвал сайдын үед эхэлсэн шалгаруулалт Г.Шийлэгдамба сайд үед төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон байна. Гэтэл дээрх шалгаруулалтад оролцсон нэг компанитай Г.Шийлэгдамба ашиг сонирхолын зөрчилтэй байсан гэх гомдол АТГ-т очсон байна. Үүнээс үүдэн Г.Шийлэгдамба сайдыг АТГ шалгахаар зарлан дуудах хуудас хүргүүлсэн байж мэдэхээр байна.
olloo.mn