Г.Шийлэгдамба: Найзаасаа зээлсэн мөнгөө ажлын сейфэндээ хадгалж байсан
Авлига авч байгаад үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эндээс харахад ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байгаа юм. Ингээд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн баасан гарагт өмгөөлөгчөөрөө дамжуулан сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Түүний бичсэн өргөдөлд “Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалах гэж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгүйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр, нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” гэжээ.
Түүнийг эхний ээлжинд 14 хоног баривчлах юм байна. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг хоёр хүртэлх сараар сунгах аж. Харин энэ хугацаанд энэ хэргийн үнэн тогтоогдох уу гэдэг эргэлзээтэй. Манай улсад ямарваа нэгэн албан тушаалтан хэрэгт холбогдсон бол хэрэг нь шийдвэрлэгдэхгүй хэдэн сар, жилээр үргэлжилдэг бичигдээгүй хууль бий. Ингэж явсаар ял завших нь цөөнгүй. Г.Шийлэгдамбын хувьд их хэмжээний мөнгөн дүнтэй авлига авч байгаад баригдсан гэх мэдээллийг өргөдөлдөө үгүйсгэсэн ч найзаасаа зээлж байсан гэх түүний үгэнд итгэх хүн цөөн байх болов уу. Гэвч тэрбээр өөрийгөө гүтгүүлсэн хэмээж, нэрээ цэвэрлээд улс төрд эргэн ирнэ гэдгээ мэдэгдлээ.