“Худалдааны түншлэл 2015” болно
Монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах,үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа юм.
Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсоноор, Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.
Мөн хэрэглэгчдэд хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Мишээл Экспод зохион байгуулагдах юм байна.
olloo.mn