Таны саналыг авах Үндсэн хуульд орох өөрчлөлтүүд

Эрх баригчид Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа санаачилга гаргаад удсан. Тэгвэл эл хуулийн төсөл цаасан дээр бууж, энэ сарын 6-нд УИХ-д өргөн баригдлаа. 

Тэгэхээр уг хуулийн төсөлд зааснаар иргэд энэ сарын 26-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэх талаар санал асуулгад оролцох нь. Гэтэл эл санал асуулга явагдахад ердөө 15 хоногийн хугацаа үлдээд байна. Угаас давчуу хугацаанд уг төслийг өргөн барьснаар танилцуулах хугацаа нь ч бага оногдов. 

Угаас эрх баригчид ард нийтийн санал асуулга явуулж байж үндсэн хуулиа өөрчлөх ёстойг хэлж буй. Гэтэл сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, энэ оны арванхоёрдугаар сарын 31 –ээс хэтрэх юм бол уг хуулийг батлах боломжгүй болно. Учир нь сонгууль ирэх оны зургаадугаар сарын сүүлээр болдог. Ингэж тооцохоор иргэдээс санал авах хугацаа болон хууль батлах эцсийн хугацаа тун давчуу байгаа нь харагдана.

Юутай ч улс төрийн намууд хийгээд эрх баригчид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг яаж ийж байгаад шийдвэрлэх нь тодорхой. Тэгэхээр ард иргэд л Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэгтэй маш сайн танилцах шаардлага гарч ирж байгаа юм. 

Үндсэн хуульд орох өөрчөлтүүдийг та маш сайн тунгааж бодсоны эцэст санал асуулгад идэвхитэй оролцох ёстой юм. Ингээд Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдтэй танилцана уу.  

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 6 төслийг үе үеийн Улсын Их Хурлын гишүүд санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж, одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм. Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13- ны 08 тоот захирамжаар томилон ажиллуулжжээ.

Ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

1.Үндсэн хуулийн нэр – “Эх хууль” болно

Нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эх сурвалж нь болж байгааг харгалзан үзэж Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрлэнэ. Энэ талаар болон дараах зарчмын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.

2.УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгоно

Төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгох, ялангуяа Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтад дараах нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулав.Олон улсын парламентын гишүүдийн тоог хүн амтай нь харьцуулсан судалгаа, 1992 оноос хойших хүн амын өсөлтийг харгалзан Улсын Их Хурлын төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс 

3. УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгоно

Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил байгаа нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байж чадахгүй байгаа тул энэ хугацааг нэмэгдүүлж 5 жил болгохоор Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд өөрчлөлт оруулах аж. Ингэснээр төлөвлөлтөө 5 жилээр хэрэгжүүлж байгаа хөрш улсуудтай хамтарсан томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж үзжээ. Ийнхүү Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгосонтой уялдуулан Засгийн газрын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа мөн 5 жил болно.

4.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд сайд нараа өөрөө сонгоно, томилно, өөрчилнө.

Ерөнхий сайдын танилцуулсан Засгийн газрын гишүүдийг бүрэлдэхүүнээр нь шууд батлан томилно.

5. Засгийн газар есөн яамтай байна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог Үндсэн хуульдаа заана. 3асгийн газар дор дурдсан яамтай байна хэмээн шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Сангийн яам;

Дотоод хэрэг, хууль зүйн яам;

Гадаад хэргийн яам;

Байгаль орчин, хөгжлийн яам;

Батлан хамгаалах яам;

Гэгээрлийн яам;

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;

Хөдөө аж ахуйн яам;

Дэд бүтцийн яам.

6. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хамтад нь тавьж шийдвэрлэдэг болно.

7. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлгүй байна.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн өөрчлөх санал оруулжээ. 

8. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн биш УИХ, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар нууц санал хураалт явуулж сонгоно.

9. Ерөнхий прокурорыг томилоход Засгийн газар оролцдог болно.

Бүх шатны шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гарган томилж байгааг шүүгчийн халдашгүй байдлын баталгаа болгох зарчимд илүү нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлэх, Улсын Ерөнхий прокурорыг томилоход Засгийн газрын оролцоог бий болгох. 

10.Монгол улс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван том хоттой болно.

Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдах, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд тэдгээрийн удирдлагын эрх хэмжээ, засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох өөрчлөлтийг оруулах, засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан УИХ шийдвэрлэж байх.

11. ИТХ-ын сонгуульд улс төрийн намуудаас сонгохгүй

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах.

Ард нийтийн санал асуулгад зарцуулах мөнгөн дүнг  Сонгуулийн ерөнхий хороо тооцож гаргасан байна. Нийт 5.5 тэрбум төгрөгөөр санал асуулгыг явуулах бөгөөд энэ мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар хуулийн төсөлд тусгажээ. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button