Ц.Оюунбаатар ажлаа хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж буй. Болсон үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт Г.Шийлэгдамба сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. 

Энэхүү хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын Үүрэг хариуцуулах тухай  2015 оны 11 дүгээр сарын 9-ний  өдрийн 218 тоот захирамж гарсныг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд өчигдөр Эрүүл мэнд, спортын яаманд ирж танилцуулсан байна. Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцуулсан юм.

Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж  цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл авлаа. Мөн яам харьяа байгууллагын удирдлагуудад хандан өдөр тумтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга хариуцлага, дэг журмыг өндөр хэмжээнд  хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.  Тэрбээр "ажлын цаг ашиглалт  хүлээсэн үүргээ  чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг та бүгдээсээ шаардах болно" гэжээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button