Баярыг боловсон тэмдэглэж сурцгаая

Тун удахгүй шинэ он гарах мөч ойртсоор албан байгууллага бүр шинэ жилийн үдэшлэгээ зохиож өнгөрч буй оныхоо ажил үйлсийн алдаа оноог хэлэлцэж ирж буй оныхоо төлөвлөгөөг ярилцан энэ жилийн шилдэг ажилчдаа алдаршуулан шагнаж байна. Манайхан аливаа баяр ёслолыг жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 

Ингэхдээ бар, рестораныг бүхэлд нь түрээслэн авч хэдэн цагийн турш ууж, идэн наргиж цэнгэн өнгөрүүлдэг. Тэгвэл ингэж наргиж цэнгэсний дараа золгүй явдал тохиолдох нь эрс ихэссэн тухай албаныхан анхааруулсаар байна. Өвлийн хүйтэнд баярын нимгэн хувцас өмссөн иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэртээ харих замдаа гудамжинд унан осгож нас барах тохиолдол арванхоёрдугаар сар гараад нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Өнгөрсөн онд золгүй байдлаар 30 гаруй хүн амиа алдсаны 20 нь  осгож нас барсан байжээ. Энэ жилийн тухайд албан байгууллагуудын шинэ жил аль хэдийн эхэлсэн ч хараахан баяр тэмдэглэж яваад золгүй, тохиолдлоор гэмтсэн, эндсэн хүн хараахан бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Ийм хэрэг дан ганц нийслэл хот гэлтгүй орон нутагт ч мөн гарч байна. Тодруулбал Орхон аймагт 34-хөн настай нэгэн бүсгүй байгууллагынхаа шинэ жилд оролцоод харих замдаа осгож нас барсан хэрэг гарч байсан. Тэрбээр байгууллагынхаа шилдэг ажилтан болсон тул сэтгэл нь хөдөлж хамт олныхоо шахалтаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Ингээд байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа дуусахад ажлын газрынхан нь нэлээд халцгааж хэсэг хэсгээрээ салж явцгаасан байна. Харин талийгаач бүсгүйн гэр ойрхон байсан тул өөрөө  гэртээ хүрч чадна хэмээн хамт олноосоо хоцорчээ. Ингээд бүсгүй гэртээ харьж чадалгүй гэрийнхээ ойролцоо гудамжинд осгосон байдалтай маргааш өглөө нь олджээ. 

Дээрх хэргээс үзэхэд манайхан баяр ёслол болохоор л ууж идэхээ урдаа барьдгаасаа болж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа нь туйлын харамсалтай. Олонд мэдэгдсэн нь энэ болохоос баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснийхээ улмаас наад зах нь хөл гараа хөлдөөхөөс эхлүүлээд эрүүл мэндээрээ хохирох нь наад захын асуудал болжээ. 

Дээрх хэрэг шиг гудамжинд унан осгодоггүй юмаа гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд хоорондоо хэрэлдэж муудалцан бие биенийгээ гэмтээх тохиолдлууд ч цөөнгүй. Ингээд зарим нэг нь баярынхаа дараа эмнэлэгт, харин нөгөө хэсэг нь эрүүлжүүлэхэд орсноор төгсдөг болж. Эндээс харахад манайд баяр ёслолыг боловсон тэмдэглэх соёл дутаад байгаа нь илт. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button