Даварсан, даруулагагүй СӨХ-дыг нам дарахаар болжээ

Өнгөрсөн хугацаанд СӨХ- ны талаар маш их хэл ам гарсан. Тухайлбал, байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт гомдол ШӨХТГ-т өдөр бүр шахуу ирдэг мэдээлэл. Тус газраас СӨХ-г цэгцэнд нь оруулах гэж маш олон ажил, хяналт, шалгалтыг хийж байсан. Харин энэ удаа ШӨХТГ- аас СӨХ-ны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох үүднээс дансыг нь шилэн болгохоор болжээ. Тухайлбал, ШӨХТГ-ын санаачилгаар сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо гээд СӨХ-той нарийвчилсан бүхий л асуудлын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгахын тулд “МАНАЙ СӨХ” Фейсбүүк хуудсыг нээж өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг маш үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа БГД-ийн "Сенатор”, “Мажестик” СӨХ- дийн үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөхөөс гадна дээрх туршлага уг дүүрэгт амжилттай хэрэгжиж чадвал цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-дод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ямартай ч байнгын хэл аманд өртөж хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан СӨХ-ны ажил одоо л цэгцрэх төлөвтэй боллоо гэж олон нийт ч ам сайтай байсан юм.
Хэрвээ энэхүү “шилэн” болгох үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж чадвал айл өрхүүд өөрсдийнхөө төлсөн мөнгийг юунд, хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд СӨХ-г хянаж, харгалзах эзэнгүй байснаар тэд иргэдийн халаасыг нэлээд тэмтэрч хэл аманд орж байсан удаатай. Тухайлбал, СӨХ- нд харьяалалтай гэх нөхөд айлуудын хаалга нүдэж СӨХ-ны мөнгөө заасан цагт төлөхийг шаардаж, алдагдалд орлоо, алданги тооцно хэмээн амьсгаа авахгүй шахам олон үг урсгадаг. Харин амгалан тайван байдал алдагдууллаа гэх үг унагасан нэгнийг нь байрнаас нь хөөх нь холгүй аашилна. Ууртай нэг нь хэрэглээний усыг нь хааж хясна гэхчилэнгээр СӨХ- ныхоо давуу талыг ашиглан дарамталдаг нь ердийн үзэгдэл болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ.
Яг үнэндээ тэд айл өрх бүрээс авсан төлбөрийг нь авсныхаа дараа тайлан энэ тэр огт тавихгүй СӨХ-ны дарга гэх гуншинтай нөхөд хэдхэн жилийн дотор амьжиргаагаа дээшлүүлж чаддаг нь нууц биш юм. Уг нь СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага нь нийслэл, дүүргийн ЗДТГ. Гэтэл тэд СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүйн улмаас олон айл өрх хохирч байсан.
Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гишүүнчлэлийн татвар гэх нэрээр СӨХ-доос төлбөр авдаг, тус байгууллагаас хууль бусаар тогтоосон тарифыг баримтлан СӨХ-ны төлбөрийг СӨХ-оод иргэдээс авдаг байсан нь тогтоогдож байсан. Тодруулбал,СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөл гэх субьект байдаг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. СӨХ- ны хурлыг хуралдуулдаггүй. Үүний шалтгаан нь нэг талаас СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал хуралдуулах үүргээ биелүүлдэггүй. Нөгөө талаас сууц өмчлөгчид иргэний үүргээ биелүүлж хуралдаа өөрсдөө оролцдоггүй. СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл сууц өмчлөгчдөд үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй. Зарим СӨХ-г хууль тогтоомж зөрчиж оршин суугчдын оролцоогүйгээр байгуулсан зэрэг зөрчил олонтаа илэрч байсан юм.
Тиймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох яам, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг нь авч хуулийн төсөлд тусгасан. Ямартай ч ШӨХТГ-аас удаа дараа СӨХ-нд хяналт шалгалт хийж иргэдийг хохиролгүй болгох үүднээс тус газрын бүхий л тайлан тооцоог олон нийтэд ил болгох ажлыг эхлүүлсэн хэрэг. Хэрвээ энэхүү ажил амжилттай хэрэгжиж чадвал СӨХ-нд хаягласан хэл ам багасна гэж албаныхан тооцоолж буй юм билээ. Тэгэхээр даам гарч байсан СӨХ-ны үйл ажиллагаа одоо л нэг цэгцрэх бололтой.
Р.Саруул