Зайлшгүй гадаадад эмчлүүлэх 39 нэр төрлийн өвчний жагсаалт гарсан

Монгол оронд эмчлэх боломжгүй өвчнийг гадаад оронд эмчлүүлэх болдог.Тэгвэл эдгээр өвчнүүдийн жагсаалтыг шинэчилж баталсан байна. Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаагаас тодрууллаа.

-Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг шинэчлэн баталсан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Сүүлийн үед анагаах ухаан, шинжлэх ухаан улам хөгжиж байна. Шинэ техник технологи нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор ховор эмчлэгдэх боломжгүй өвчнүүд эмчлэгдэх боломжтой болж байгаа. Тиймээс ч гадаадад эмчлүүлж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам өсч байна. Энэ хүрээнд ЭМСЯ-наас гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг гаргасан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх 33 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталж өгсөн байсан. Харин энэхүү жагсаалтыг энэ онд шинэчлэн баталсан. Учир нь тус жагсаалтад орсон нийт өвчний дотроос гурван өвчнийг Монгол Улсад эмчлэх боломжтой болсон. Тиймээс эмчлэх боломжтой болсон өвчнүүдийг хасаад, сүүлийн үед манай улсад нэмэгдэх хандлагатай болсон зургаан төрлийн өвчин нэмээд нийт 39 болгож шинээр баталсан.

-Жагсаалтад багтсан өвчлөл бүхий иргэдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн. Дэмжлэгт ямар, ямар зардал ордог вэ?

-Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин бүхий иргэд тухайн төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвөөс тодорхой хэмжээний дүгнэлт аваад гадаад улсад эмчлүүлж болдог. Ийнхүү гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд ЭМСЯ-аас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэгийг тухайн өвчлөл бүхий иргэнд нэг удаа л олгодог. Санхүүгийн дэмжлэгт зөвхөн эмчилгээний зардал ордог гэдгийг анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл, тухайн хүний тээврийн, хоол, унааны, асран хамгаалагчийн зардал ордоггүй гэсэн үг. Харин тухайн хүн эрүүл олохын тулд хийгдсэн эмчилгээний зардлын тав хүртэлх хувийн зардалд санхүүгийн дэмжлэг олгодог байгаа.

-ЭМСЯ-нд дэмжлэг хүссэн хэчнээн иргэний өргөдөл ирдэг бэ. Хэдэд нь яамнаас дэмжлэг үзүүлж чаддаг вэ?

-Ер нь манай яаманд жилдээ дунджаар 350-400 орчим иргэний өргөдөл ирдэг. Нийт ирсэн өргөдлийн 3.1 орчимд хувьд нь дэмжлэг олгодог. Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай сайдын багцад жил бүр 500 орчим сая төгрөг төсөвлөгддөг. Тухайлбал, 2013 онд 182, 2014 онд 174 иргэнд уг дэмжлэгийг үзүүлсэн байдаг. Энэ онд одоогийн байдлаар 360 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлчихсэн байна.

-Эмчилгээний зардлын дэмжлэг хүссэн иргэд ямар материал бүрдүүлж ирэх шаардлагатай байдаг юм бэ?

-Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг хүсэх иргэдийн материал бүрдүүлэх үйл явц нь гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэний асуудлыг Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч нарын комиссын дүгнэлт гаргана. Иргэн очих гадаад улсын эмчилгээгээ өөрөө сонгоно. Дүгнэлт гаргуулсан иргэн гадаад улсад эмчилгээнд яваад ирсэн болон эмчлүүлээд ирсний дараа доорх материалыг бүрдүүлэн ЭМСЯ-ны бичиг хэрэгт өгнө. Дэмжлэгийг олгоход тодорхой бүрдүүлэх баримт бичгийг нь заагаад өгчихсөн байгаа. Тодруулбал,

-Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон эмнэлгийн дүгнэлт, хурлын тэмдэглэл

/эх хувь/

-Иргэний ЭМСЯ-д хандаж бичсэн өргөдөл

-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/

-Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан байх/

-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/

-Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/

-Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн таван жилд даатгал төлсөн байх /нотариатаар баталгаажуулсан байх/

-Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/

-Гадаад оронд хүлээн авч эмчилгээг хийсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт /монгол хэл дээр орчуулж, нотариатиар баталгаажуулсан эх хувь байх/ зэргийг бүрдүүлэх ёстой.

-Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад ямар өвчнүүд багтсан байдаг вэ?

-Мэдрэлийн мэс засал хэсэгт гүрээний буюу нурууны артерын нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, уртавтар тархины эмгэгийн мэс заслын эмчилгээ, паркинсоны өвчин, торсион дистони, эпилепси өвчний үеийн стереотакс мэс засал, тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд, тархины суурь ясны хавдар, тархины гуравдугаар ховдлын хавдар, дунд тархи буюу багана бүтцийн байрлалтай мальформац, тархи нугасны хавдрын  гамма туяа эмчилгээ болон гэмтлийн гаралтай нугасны  үрэвслийн  эмчилгээ багтаж байгаа. Чих хамар хоолойн хэсэгт сонсголын мэдрэлийн хавдар, вегенерийн өвчний хүнд хэлбэр, меньерийн өвчний хүнд хэлбэр, нүд судлалын хэсэгт ретинобластомийн улмаас нүд авахуулсны дараах нөхөн сэргээх мэс засал зэрэг 39 нэр төрлийн өвчний жагсаалт бий.

Монголын мэдээ

Ж.Отгон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button