Хямралыг тооцдоггүй хамтлаг, дуучид хэтийдсэн ханшаараа алмайруулж байна

Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх шинэ жилийн баярын уур амьсгал хэдийн орсон. Энэхэн өдрүүдэд урлаг соёлынхон хоолойгоо тордож, албан байгууллагуудын шинэ жилд уригдан, завгүй яваа. Учир нь тэдний хувьд шинэ жил мөнгө олох ганц цаг үе нь байдаг. Тиймдээ ч ганц сезоныхоо үед хүссэн ханшаа хэлж, албан байгууллагуудад хатуурхдаг юм. Мөнгө төгрөг муутай жижигхэн байгууллагууд жилдээ ганц тохиох баяраар ажилтан, албан хаагчдадаа гайгүйхэн шиг тоглолт үзүүлж баярлуулахыг хүссэндээ аргагүй эрхэнд тэдний өндөр ханшийг зөвшөөрдөг.
Ер нь жилийн жилд л хамтлаг дуучдын ханш өссөн талаар иргэд, ААН-үүд ам уралдан ярьдаг. Харин өнөөх үзүүлдэг тоглолт нь нэг хэвийн, шинэ зүйлгүй байдаг нь тэдний сэтгэлийг гонсойлгож орхидог билээ. Тэр ч бүү хэл нэг дууг нэг сая төгрөгөөр үнэлчихээд ам барьж дуулдаг хэмээн иргэд хатуухан шүүмжилдэг юм.Тэгвэл энэ жилийн тухайд ч хамтлаг дуучдын үнэ ханшийг хэтийдсэн их байна хэмээн байгууллагынхаа шинэ жилийг зохион байгуулах үүрэг хүлээсэн менежерүүд хэлж байна. Учир нь өмнөх жилүүдээс илүү эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байгаа үед албан байгууллагууд хамтлаг дуучдын тэнгэрт хадсан өндөр үнээс халширч эхэлсэн тухайгаа өөр хоорондоо шивнэлдэж байна.
Ингээд хамтлаг дуучдын шинэ жилийн үнэ ханшийг уншигч танаа сонирхуулъя. Өнгөрсөн жил Харанга хамтлаг хамгийн өндөр ханштай байсан бол энэ жил Камертон хамтлаг энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тус тусын зам мөрийг хөөж явсан Камертоныхон энэ жил эргэн нэгдэж, тоглолтоо хүртэл хийгээд амжсан. Тэднийг санасан үзэгчид нь дуу бүрийг нь даган дуулж, тоглолтыг нь ч алгасахгүй үзэж байгаа юм. Түүнчлэн орчин цагийн залуус ч хуучны хамтлагийг эргэн нэгдсэнд талархан, дэмжиж байгаа. Тиймээс ч Камертоныхон энэ эрэлт дээр тулгуурлан шинэ жилийн баярын арга хэмжээн дээр дуулах ханшаа нэг дууг гурав, 3-5 дууг 6-10 сая төгрөгөөр дуулах ханш тогтоожээ.
Харин жилийн жилд энэ жагсаалтад дээгүүрт ордог МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, эрос хатагтай Т.Ариунаа нар хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулах бол, МУГЖ Ж.Алтанцэцэг, Камертон хамтлагийн ахлагч Д.Болд, Ноён Бондгор нар нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна. Тэдний араас дуучин Н.Цэлмүүн нэг дууг 800 мянган төгрөгөөр дуулах аж. Дуучин С.Сэрчмаагийн хувьд гурван дууг хоёр сая төгрөгөөр дуулахаар ханшаа тогтоожээ. Харин жилийн жилд ханш нь хэлбэлздэггүй хэд хэдэн уран бүтээлчид байдаг юм. Тэд бол дуучин Т.Эгшиглэн, Э.Агиймаа, ВХ, Т.Бичүү, А-Cool, нар бөгөөд нэг дууг 500 мянган төгрөгөөр дуулдаг юм.
Нийтийн дуучдын тухайд Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая төгрөгийн ханштай байгаа аж. Г.Эрдэнэтунгалаг гурван дууг хоёр саяар, Д.Намсрайноров гурван дууг 2.5 саяар, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, П.Идэржавхлан нар нэг дууг 1.5 саяар, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нар нэг дууг 500 мянган төгрөгөөр дуулах ханш гаргажээ.
Хамтлагуудын тухайд үнэ ханшийн хувьд нэлээд өндөр байна. Дээр дурдсанчлан Камертон хамтлаг тэргүүлж байгаа юм. Мөн Харангынхан 30 минут тутамд 8-10 сая төгрөг авах аж. Киви хамтлаг хоёр дууг хоёр саяар, Гурван охин хамтлаг гурван дууг 3.5 саяар, Sweetymotion хамтлаг гурван дууг гурван саяар, Мотив нэг дууг 1,5 саяар, Sync хамтлаг нэг дууг 800 мянган төгрөгөөр дуулах ханш гаргажээ.
Хамтлаг, дуучдын ханш нэг иймэрхүү байна. Харин үүнийг дуулсан иргэд хямралтай жилийг тооцоолоод үнэ ханшаа ядаж ганц жил гайгүйхэн шиг бууруулж болдоггүй юм уу гэх саналыг цахим хуудсаар илэрхийлээд эхэлжээ.
olloo.mn