Сонгуулийн санал авах өдрийг гурван сараар хойшлуулах уу

Ирэх 2016 онд шинэ удирдагчдаа сонгох сонгууль өгөхөөс гадна Монголыг дэлхийд үнэлэх томоохон арга хэмжээ АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Харин товлосон ёсоор бол ирэх жилийн сонгууль 2016 оны зургаадугаар сард болох учиртай. Харин АСЕМ-ын уулзалт долдугаар сарын дундуур болохоор товлогдсон.
Иймээс УИХ-д суудалтай намуудаас эхлээд жижиг намууд хүртэл сонгуулийн сурталчилгаа бэлтгэл ажилдаа идэвхийлэн орчихоод байна. Мөн үүнтэй зэрэгцээд АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангалт хийгдээд явж байна. Гэтэл сонгууль товлосон хугацаандаа болох уу, хойшлох уу гэдэг эргэлзээ бий.
Учир нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль, АСЕМ-ын уулзалт ердөө 10 орчим хоногийн зөрүүтэй болох тул үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тов хойшилж магадгүй гэх яриа байсан.
Үүнийс гадна цаг хугацаа зуны улирал байх тул иргэд гадагшаа дотогшоо явж улс нийтээрээ амралтын байдалтай болдог нь худлаа биш ээ. Тэгэхээр АСЕМ гэлтгүй энэ бүх шалтгаанаас болж, ирэх жилийн сонгууль зургаадугаар сараас бус ирэх намраас нь зохион байгуулагдаж магадгүй гэх таамаг улс төрийн хүрээнийхэнд бяригдаж байсан ч тэгсгээд намжсан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгууль УИХ болж буй жилийн 11 дүгээр сард болдог. Тэгэхээр УИХ-ын сонгууль ч энэ хугацаанд товлогдох магадлалтай байсан.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, сонгуулийн санал авах өдрийг гурван сараар сунгаж, 2016 оны есдүгээр сарын 18-нд хийх тухай асуудал намуудын дунд яригдаад эхэлжээ. Гэхдээ албан бусаар гэдгийг эх сурвалж хэлж байна.
Мөн Сонгуулийн тухай хуулин төслийг хуулийн хугацаандаа хэлэлцэн баталж чадахгүй бол сонгуулийн тов хойшлолгдож магадгүй гэх яриа ч байна. Гэхдээ хуулийг одоо хэлэлцэж эхэлбэл хугацаандаа амжин батлах боломж бий ч гэлээ ахиц харагдахгүй байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ тов тогтооно. Гэхдээ боломжтой. УИХ-ын гишүүдийн санаа зовж буй зүйл нь зургаан сард сонгууль болоод долоон сард АСЕМ-ын уулзалт болно. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл дээр болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа ч АН-ын бүлэгт албан ёсоор бол яригдаагүй” гэдгийг хэлжээ.
Olloo.mn