"Цэцийн шийдвэр ипотекоор хангагдах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй"

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэр сүүлийн үед УИХ-ын гаргасан шийдвэртэй зөрчилдөж, багагүй асуудал дагуулдаг болсон. Үүний хамгийн тод жишээ бол яах аргагүй 15 дугаар дүгнэлттэй холбоотой асуудал юм.
Үүнээс болоод Үндсэн хуулийн цэцийнхэн, УИХ-ын гишүүдэд чадамжгүйгээрээ дуудуулж, уг албыг шинэчлэх цаг ирсэн гэдэг үгийг олонтаа сонсох болсон.
Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцээс "12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон" хэмээн мэдэгдлээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирсан гэнэ.
Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжид хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдах юм байна.
Иймээс Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараасан этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардлаа. Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг ч анхааруулав.
Olloo.mn