Хотын татварын журмыг эргэн харахыг сануулав

НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан яг одоо болж байна. Уг хуралдаанаар бичил бизнесийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам, нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах зэрэг 12 асуудлыг хэлэлцэж байна.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг хэлэлцсэн юм. Энэ үеэр өнгөрсөн аравдугаар сарын 1-ээс мөрдөж эхлээд буй “Хотын татвар”-ын хэрэгжилт, хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах талаар төлөөлөгчид санал хэлж байлаа.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан “Хотын татварын хэрэгжилт хангалттай биш байна. Үүн дотор иргэдэд буруу ойлголт өгөх, өөр утгаар ойлгогдох заалтууд их байна. Тийм учраас журмаа нэг эргэн хараач ээ” гэсэн юм.
Үүний дараагаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах журмыг НЗД-ын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н. Гантөмөр танилцуулав. Н.Гантөмөр танилцуулгадаа машин ачих журам болон иргэд машинаа буцаан авахад төлөх төлбөр зэрэг асуудлыг дурдсан юм. Түүнчлэн машин ачсаны төлбөрөөс хотын төсөвд 25 хувийг төвлөрүүлж байх саналыг дэвшүүлэв.