Дэлхийд гайхагдах Монгол авьяастан “Эгшиглэнт чимээ” хамтлаг

Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгийг Монгол улсад зохиох эрхийг яг нэг жилийн өмнө “Монгол HD” телевиз авч байсан билээ. Тус телевизийнхэн бүтэн жилийн турш шоуны бэлтгэл ажлыг хийж, өнгөрсөн есдүгээр сараас цэнхэр дэлгэцээр цацаж эхэлсэн. Бүтэн гурван сар үргэлжилсэн тус шоуны шалгаруулалт өчигдөр дуусаж, ялагч тодорлоо. Хамгийн анхны “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар Дархан-Уул аймгаас оролцсон “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарлаа.Тэд 100 сая төгрөгийн эзэд болсон юм. Тэднийг дэлхийд гайхагдах Монгол авьяастан болж чадна гэдэгт Монголчууд итгэж саналаа өгсөн нь тэднийг тэмцээний ялагч болголоо.
Байгаль өөрөө гайхалтай нэгэн дуу чимээ. Түүнийг хүмүүст хүргэсэн хамтлаг бол “Эгшиглэнт чимээ” байлаа. Хамтлагийн багш С.Жамъянхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урлажээ. Түүний энэ их хөдөлмөрийн үр дүнд шавь нар гайхалтай хөгжимчид болж хүмүүжиж байгааг телевиз үзэгчид харсан биз ээ. Байгалийн чимээг хүмүүс бидэнд хүргэсэн та нартаа баярлалаа.
Энэхүү шоуны эцсийн шатанд зөвхөн Монголчуудын нэр дээр Дэлхийд бүртгэгдсэн Уран нугаралтын гайхамшгийг харуулж буй А.Уранбилэг – Э.Нарангарав, Юнеско-д бүртгэлтэй Битүү амьсгалаар Лимбэ тоглож, ёочин хөгжмөөр гайхуулж буй хөгжимчин залуус Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Дархан хотын хүүхэд багачуудад 30 жил хөгжим зааж буй Багшийн хөөрхөн хөгжимчид "Эгшиглэнт чимээ", Ардын болон Орчин үеийн бүжгээр үзэгчдийг бишрүүлж буй "Янзган хүрээ", Б.Тэмүүлэн-М.Халиун, хүний сэтгэлд хүртэл сайхан дуулж олон хүний талархал хүлээгээд байгаа О.Баярсайхан, А.Отгонбаяр нар тунан үлдээд байсан билээ.
Ингээд үзэгчдийн хамгийн их санал авсан гурван оролцогчоор А.Отгонбаяр, хөгжмийн хослол болох Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан шалгараад байсан юм.
olloo.mn