Ипотекийн зээлээр наадсан овлигогүй улстөрчдөөс болж иргэд хохирсоор байна

Өнгөрсөн долоо хоногт орон сууцны зээлтэй, зээл авахаар хөөцөлдөж буй, зээлд хамрагдаж байртай болно гэх мөрөөдөлтэй олон хүний сэтгэл санаагаар улстөрчид гайгүй сайн тоглоод авлаа. Энэ нь үндсэндээ тэд хэн бэ, олон нийтийн төлөө ямар хариуцлагагүй үйлдэл хийдэг хүмүүс вэ гэдгийг нь харуулаад өгөв бололтой.
Учир нь энэ сарын 9-ний өдөр “Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд ихээхэн халтай шийдвэр гаргалаа. Тодруулбал, цэцийн шийдьэрийн дагуу ипотекийн зээлд хамрагдсан 75 мянган айл өрх зээлээ 20 хувийн хүүгээр төлөх боллоо” гэх мэтчилэн мэдээлэл тархсан. Мэдээж үүнийг сонссон иргэдийн хувьд амьдрал дэндүү хатуу гэдэг л болсон. Ядахад орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан өрхүүд бол дааж, давшгүй их мөнгө төлөх нь хэмээн учраа ойлгохгүй байдалд хүрсэн.
Энэ асуудлыг МАН-ынхан дэлгэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан, МАН орон сууцны зээлтэй иргэдийг элгээр нь мөлхүүлэх нь гэх зэргээр шүлсээ үсчүүлэн байж ам, амандаа уралдан биесээ муулсан. Гэтэл төд удалгүй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Бид үүнийг хийгээгүй. Худал гүггэлэг.” гэх мэтээр мэдээлэл хийж байлаа. Харин УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн бүлгийн хамтарсан мэдэгдэл гаргаж, мөн л орон сууцны зээлтэй холбоотой асуудлыг гарган тавиагүй гэдгээ илэрхийлсэн.
Энэ бол үндсэндээ хоёр намын байр суурь.
Тэгвэл “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” болсон Үндсэн хуулийн Цэцээс гаргасан мэдэгдэлд "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын
зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна. Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана. Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.
Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна” гэжээ. Энэ нь маш энгийн Үндсэн хуулийн Цэц банкуудын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаггүй гэдэг эцсийн тайлбартай нийлж буй юм.
Харамсалтай нь дээрх маргаан, талцлаас болж улстөрийн намууд болон Үндсэн хуулийн Цэцээс түрүүлж Монголын Банкуудын холбооныхон шуурхай хуралдаж, эцэст нь дарга Орхон нь “Энэ бол Монголын арилжааны банкуудад маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.
Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад баталчихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.” гэдэг тайлбарыг өгсөн. За ингээд “яана аа,” гэж байсан орон сууцны зээлтэй иргэдийн хувьд сэтгэл нь тайвширлаа.
Харин оноос өмнө эсвэл цагаан сараас урьтаж шинэ орон байртай болохоор найман хувийн зээлийн төлөө банкуудын үүдийг татаж байсан иргэд хохирч үлдлээ. Учир нь банкууд хэзээнээс зээл олгох нь тодорхойгүй үлдчихээд байна. Үүнийг дагаад иргэд хохирохоос гадна барилгын салбарынхан ч багагүй үймрэх болж байгаа юм. Барьсан орон суунцууд нь зарагдахгүй цөөн хэдэн зээлдэгчээр голоо зогоож байсан энэ салбарын борлуулалт нам гацсан гэсэн үг.
Түүнчлэн ипотекийн зээл бусад зээлийг бодвол илүү чанартайд тооцогдож явдаг. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 30 хувиа төлөөд өөрийн гэсэн орон сууцтай болох гэсэн иргэд хуруу, хумсаа хугалах шахам байж зээлээ төлсөөр байдаг. Тийм байтал амьдралаас алслагдсан улстөрчдийн хийрхэл, тоглоом тохуунаас болж иргэд байтугай эдийн засгийг өөд нь татаад явж байдаг салбаруудын үйл ажиллагаа ч эвгүйтэж мэдэхээр боллоо. Уг нь өнөөгийн байдлаар 3.3 их наяд төгрөгийн 76 мянга орчим хэрэглэгч ипотекийн зээлийн үр шимийг үзэж байгаа. Энэ нь цаашид ч улам бүр нэмэгдэх боломжтой байсан. Дээр дурдсанчлан улстөрийн намууд болон Үндсэн хуулийн Цэц, Монголын банкуудын холбоо бүгд л буруугүй гэдгээ бататган мэдэгдэл, тайлбар гаргасан. Тэгвэл хэргийн жинхэнэ, цаад эзэн нь АН- ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болж таарав. Таарах, таарахдаа албаар ч биш, андуурч хэлсэн үгийн алдаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, цахим сүлжээнд энэ тухайгаа бичиж байгаа харагдсан.
Өөрөөр хэлбэл тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг андуурсан гэдгээ "Би 15-ийг 13 гэж андуурчээ" гэж илэрхийлжээ. Түүний энэхүү үйлдлийг МАН- ын зүгээс уучлалт гуй гэж байгаа бол иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг хэн барагдуулах тухай хэнбугай нь ч дурссангүй. Сонгуулийн буухиа ойртож, улстөрийн нам, хүчнүүд биесээ гүтгэх болсон энэ үед иргэдийн сэтгэлзүйгээр тоглож, эдийн засгаар хохироох байдлыг таслан зогсоохгүй бол энэ мэт байдал үргэлжилсээр байхыг үгүйсгэх арга ч алга.
Б.Төгөлдөр