Эмнэлгийн дарга их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдлоо

Эмч, ажилчдын цалинг завшсан эмнэлгийн даргыг АТГ-аар шалгуулахаар болсон талаар Эмч ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийсэн. Тэдний мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой байсан 71.5 сая төгрөгийг хувьдаа завшиж байсан зөрчил илэрсэн аж.
Ш.Хажидмаа нь өөрийн удирдлага дор ажиллаж байсан хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, 2015 онд 36.9 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулж байсан гэдгийг Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэллээ.
Уг асуудлыг АТГ болон салбар яаманд хандан шалгуулах хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийхэд СХД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын дээрх мөнгө завшсан хэрэг илэрчээ.
Энэ бол Эрүүл мэндийн салбарт байдаг хууль бус үйлдлийн нэгээхэн жишээ. Илэрсэн нь дөнгөж энэ болохоос илрээгүй зөрчил, дутагдал түүнээс их бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа. Эрүүл мэндийн салбар хамгийн их бэлэн мөнгө эргэлддэг салбар болохоор сайдын суудал нь ч тэр, Улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын суудал ч үеийн үед хэрүүл тэмцлийн бай болсоор ирсэн.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд их хэмжээний мөнгийг өөр дансаар оруулж гарган завшсан нь энэ салбарт бэлэн мөнгө эргэлддэг гэдгийг харуулж байна. Мөн их мөнгө эргэлддэг салбарт хяналт, шалгалт сул байгааг ч дээрх хэрэг харууллаа. Иймээс уг асуудалд яам болоод Засгийн газар ч анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.
Ш.Хажидмаа гэгчийн буруу дансаар оруулж гарган, хувьдаа завшсан байж болзошгүй мөнгөөр хэдэн хүний алтан амь, эрүүл мэндийг аварч болох байсан бэ гэдгийг бодох л асуудал. Улсын эмнэлгүүд төсөв, мөнгө хүрэхгүй хэцүү байна, өвчтөнүүдэд яаралтай эм тариа байхгүйгээс хохирох тохиолдлууд байна хэмээн үргэлж гомдоллож ирсэн. Тэгвэл эмнэлгийн дарга нь энэ их хэмжээний мөнгийг өөртөө завшиж байхад эрүүл мэндийн салбарын тэр дундаа эмнэлгүүдийн санхүү хямрахаас өөр яах вэ. Ямартай ч шалгаж илрүүлээд завшсан гэдгийг мэдсэн учир, цааш шалгадаг газрууд нь үнэн зөвийг тогтоож, хэрэв үнэхээр улсын хөрөнгийг завшсан нь тогтоогдвол Ш.Хажидмаад хатуухан арга хэмжээ авах биз ээ.
olloo.mn