Долоохон сар Ч.Сайханбилэгийг харъя даа, яршиг

Сүүлийн өдрүүдэд улстөр бужигнаантай, улаанбаатарчууд орон сууцны найман хувийн хүү өсч магадгүй гэсэн айдастай, улс орны амьдрал ер нь л барзгар байна. УИХ дахь МАН-ын гишүүд Сонгуулийн хуулиар бойкотлон хуралдаа суухаа болив. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн саналын хуудас тоологч “Хар машин”-аар сор залчихлаа. Засгийн газар ч хөдөлгөөнд орох нь тодорхой болов. Ер нь чухам “Есөн шид нь бүрдэх” гээч нь болж байна. Улстөр хийгээд улс орны амьдрал иймэрхүү бужигнаантай үед УИХ-ын гишүүн Ж.Батзандантай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хөөрөлдлөө.

 

– Хоёулаа ярилцлагаа сүүлийн өдрүүдэд улаанбаатарчуудыг айдаст автуулаад байгаа орон сууцны зээлийн хүү өсч магадгүй гэсэн болгоомжлолоос эхэлье. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт энэ шийдвэрт нөлөөлөх боломжтой юу?

 

-Хамгийн гол нь асуудлыг өргөн утгаар нь харах хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцийн ганц шийдвэрээс болоод ипотекийн зээл зогссон гэдэг бол худлаа. Урьд нь болоод, яваад байсан зүйл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарангуут зогссон гэдэг бол 100 хувь үнэн биш. Ер нь энэ бол арилжааны банкуудын нөхцөл байдал тун базаахгүй байгаагийн л нэг илэрхийлэл. Монголын банк,  санхүүгийн салбарт ойрын хугацаанд томоохон рөформ хийхгүй бол гуравхан том банким дээр төвлөрсөн. Монголын банк, санхүүгийн салбар дамлуурахад тун ойрхон байгаа. Дахин хэлье. Монголын банк, санхүүгийн салбар нийтээрээ дампуурахад тун ойрхон байгаа шүү. Чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрвээ Үндсэн хуулийн цэц хүлээж авсан бол нөхцөл байдал арай дээрдэх байсан. Ипотекийн зах зээл арай тэлэх байсныг хэлж байна.

 

-Сүүлийн үед УИХ- аас томилогддог, Үндсэн хуулийн цэц болон бусад газрууд УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн эсрэг ажиллах нь их болоод байх шиг. Бараг л УИХ-аас илүү эрх мэдэлтэй болчихоод байна уу үгүй юу. Та энд ямар тайлбар хийх вэ?

 

-Өнөөх л Үндсэн хуультай холбоотой гажуудал явж байгаа нь тэр. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар шүүх засаглалаа хоёр хуваачихсан. Нэг хэсгийг нь Үндсэн хуулийн цэцэд нөгөө хэсгийг нь Дээд шүүхэд өгчихсөн. Шүүх нь хоёр толгойтой гэсэн үг л дээ. Ингээд зогсохгүй Гүйцэтгах засаглалаа ч хоёр хуваачихсан. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчид нөгөө хэсэг нь Ерөнхий сайдад очсон байх жишээтэй. Гүйцэтгэх засаглал нь бас л хоёр толгойтой. Уг нь бол засаглалын онолоор, төрийн эрх мэдэл хуваарилах онолоор засаглалын гурван толгой л байдаг. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн гурван нэгдмэл толгой байх ёстой юм. Харамсалтай нь манайд гурав биш таван толгой байна. Бүр цаашилбал хууль хяналтын байгууллагуудыг дотор нь задалбал зургаа, долоон толгой бий болсон. Ийм олон толгойтой улс хөгжсөн түүх байхгүй. Ер нь Монголын улстөр бол онолгүй, суурьгүй, бие биенээ гацаадаг, чөдөрлөдөг, зогсоодог л улстөр.

 

Хуулиараа төрийн байгууллагууд бие биенээ дэмжиж ажиллах үүрэгтэй. Тэгвэл өнөөдөр Монголын төрийн бүх байгууллага бие биенээ гацаадаг, чөдөрлөдөг, зогсоодог ийм л функц рүү орсон. Байгууллагын амбиц төрийн амбицаас давж гарсан. Хувь хүмүүсийн амбиц засаглалын амбицаас дээгүүр тавигддаг болсон. Энэ бол том аюул бөгөөд манай улстерийн систем, төрийн систем бүрэн дампуурсаны тод томруун илэрхийлэл юм.

 

-Таны хувьд энэ бүх түгжээ, гацаа, чөдрийн эх сурвалж болчихоод байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөө байгаа нь мэдээж. Харин юунаас эхлэх ёстой бол?

 

-Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг эрдэмтэн мэргэд, судлаачид, манай жирийн иргэд ч хэлж, ярьж, шаардаж, өдөр бүр хэлж байна. Харамсалтай нь МАН эсэргүүцэж байна. Мэдээж МАН дотор эрүүл саруул ухаантай хүн цөөнгүй байгаа нь тодорхой. Тэр хүмүүс тун удахгүй ойлгох байх.

 

-Энэ парламент анх байгуулагдахдаа л Үндсэн хууль зөрчсөн. Ийм зөрчилтэй УИХ Үндсэн хуулийг өөрчлөх хууль эрхзүйн болон ёс зүйн чадамжтай гэж та бодож байна уу?

 

-Би санал нийлэхгүй байна. УИХ-ын 76 гишүүн олонхи нь ард түмнээс сонгогдсон. Ард түмний сонголтоор гарч ирсэн УИХ-ын гишүүдийг, тэдний сонголтоор байгуулагдсан. УИХ-ыг чадамжгүй гэж хэлэх нь  зохимжгүй. Үндсэн хуулийг өөрчлөх хоёр арга байгаа. Нэгдүгээрт УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар өөрчилж болно. Хоёрдугаарт Ард нийтийн санал асуулгаар өөрчилдөг. Миний бие Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө байгаа. Энэ улс орныг шавар шавхай, намаг балчигаас нь одоо л гаргахгүй бол дороо хий эргэсээр байгаад дэлхийн хөгжлөөс  хоцорч гүйцлээ. 26 жилийн өмнө сонгосон бидний зам, бидний тогтолцоо, бидний систем завхрал, гажуудалд ороод таг зогсчихлоо. Үндсэндээ зэвэрч гүйцлээ. Одоо нийгэм маань өөрөө системийнхээ золиос болж байна. Системээ үе үе сайжруулах ёстой юм. Системийнхээ эрэг боолтыг үе үе чангаруулж, анализ хийж байх ёстой. Одоо тэр цаг нь болчихоод байна.

 

-Та Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талд байгаа гэлээ. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж бас л баахан маргалдаж, цаг алдах байх даа?

 

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг өрнөж байгаа. Удахгүй шинэчлэгдэнэ. Монголчууд төлөөллийн ардчиллыг 1990 онд сонгосон. Одоо шууд ардчиллыг, иргэний ардчиллыг Монголд бий болгох цаг нь болсон. Парламентын түвшинд, орон нутгийн удирдлагын түвшинд шийдэж чадахгүй байгаа олон асуудлыг иргэний ардчилал, шууд ардчиллын зарчмаар шийдэх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Тийм учраас Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг орчин үеийн хэлбэрээр нь батлан гаргаж, төлөөллийн ардчиллын дутуу, сул талыг иргэний ардчиллаар нөхөх, гүйцээх бололцоо, боломж  байгаа.

 

-УИХ дахь хамгийн олон суудалтай АН, МАН Сонгуулийн хууль дээр маргалдаж, хоёр тийшээ хараад суучихлаа. Таныхаар ойрын үед учраа ололцох найдлага харагдана уу?

 

– Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж сонгууль болгоны өмнө ярьдагаа одоо болих хэрэгтэй. Харин улстөрийн намуудын хуулиа өөрчлөх ёстой. Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Улстөрийн намууд өөрсдөө зоригтой өөрчлөгдөх ёстой. Эхлээд өөрсдийгөө өөрчилж байж дараа нь улс орноо өөрчлөх учиртай. Сонгуулийн хуулийг өөрчлөөд юу ч өөрчлөгддөггүй, дээрдэггүй гэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Сонгуулийн хуулийн өөрчлөлт ард иргэдэд биш улстөрчдөд, ялангуяа эрх барьж байгаа намуудад ашигтай хэлбэрээр хийгддэг байсан. Манай Сонгуулийн хууль бол муу хууль биш. Зүгээр ганц нэг өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай асуудал бий.

 

Тухайлбал намын жагсаалтыг байхгүй болгохоос эхлээд. Гэхдээ харамсалтай нь одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа байхгүй. Уг нь энэ хуулийг МАН 45 суудалтай байхдаа баталсан. Одоо 26 суудалтай болчихоод зайлшгүй өөрчлөх ёстой гээд үхэлдээд явж байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Дөрөвхөн жил болоод л Сонгуулийн хуулийг өөрчлөөд байвал Монголын улстөр улам л хурдан бүрэн дампуурна. Зарим нэгэн өөрчлөлт оруулж болно. Гэхдээ яаж гэдэг дээрээ улстөрийн намууд зөвшилцөлд хүрэх ёстой юм. Харамсалтай нь одоогоор зөвшилцөл алга.

 

-Одоо хүртэл та бид хоёрыг яриад сууж байхад төрийн ордны өмнө жагсаал, цуглаан болж л байна. Ер нь сүүлийн хэдхэн хоногт улстөрийн нөхцөл байдал огцом муудлаа. Үүнээс даруйхан гарах арга нь зөвшилцөл үү?

 

-МАН асуудлыг дандаа эсрэг талаас нь тавиад байна. Тэд нар үнэндээ дандаа ордны наймаалцал хийж байна. Хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьда. Түүнээс биш улс орныг өөрчилье, хөгжүүлье  гэсэн хүсэл тэдэнд байдаг эсэхэд би эргэлздэг. Тэд зүгээр л баруун, солгойгүй наймаа хийдэг.

 

-Ирэх жилийн есен сараас Монголд хууль эрхзүйн цоо шинэ орчин бүрэлдэх нь тодорхой болж байна. Сая батлан гаргасан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг та сүрхий эсэргүүцэж "Ганцхан жилийн настай хууль баталлаа" гэж байсан. Гэтэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Эдгээр хуулийг баталснаар Монгол Улсад хууль эрхзүйн хувьсгал хийлээ" гэж ярьсан. Та хоёр хоёулаа л хуульч. Хэний тань үгэнд итгэх вэ?

 

-Шинэ Эрүүгийн хуульд авууштай хэд хэдэн сайн тал бий. Тухайлбал авлига, албан тушаалын гэмт хэргийг маш тодорхой хуульчилж өгсөн. Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг байсныг Зөрчлийн хуулиар шийтгэхээр болсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх чиглэлд томоохон дэвшил гарсан гээд тоочоод байвал олон сайн зүйл байгаа. Бас ярьвал маш олон сул тал байгаа. Тэр сул талууд нь одоогийн Үндсэн хуультай зөрчилдсөн олон заалт орсноор тайлбарлагдана. Одоогийн Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн нийгмийн статусаасаа үл хамаарч хууль шуүхийн өмнө тэгш байх эрхтэй. Харамсалтай нь сая баталсан Эрүүгийн шинэ хуулиар баян хүн бага ял авдаг, ядуу хүн их ял авдаг болохоор л хууль гарсан. Ялын шинэ төрлүүд бий болсон. Тухайлбал Зорчих эрхийг хязгаарлах буюу Гэрийн хориог Монголын нөхцөлд хөдөө орон нутагт хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Зөвхөн энэ ялыг хэрэгжүүлж эхлэхийн тулд дор хаяж 100-150 сая ам.доллар шаардлагатай. Одоогоор эдийн засгийн ийм боломж, чадавхи Монголд байхгүй. Ингээд яриад байвал маш олон сул талтай хууль баталсан. Ганц цагаатгах зүйл нь аливаа хөгжил дэвшил өөрөө зүгээр гүйгээд ирдэггүй. Зөрчлийн дундаас хөгжил, дэвшил бий болдог. Хуучин шинийн мөргөлдөөний дундаас шинэ сайн зүйл бий болдог. Социалист хэв маягийн хуучин Эрүүгийн хуулийг цааш нь нэлээн хол түлхэж чадсан нь  шинэ Эрүүгийн хуулийн гол онцлог гэж хэлнэ.

 

-Энэ хуулийг дагалдаад шинээр Мөрдөх алба байгуулах зэргээр хууль зүйн салбар улам л нүсэр, том болох шинжтэй юм билээ?

 

-Тэр нь гайгүй. Өнөөдөр Монгол Улсад ажиллаж байгаа Мөрдөн байцаах газар чинь л Мөрдөх алба шүү дээ. Шинээр Мөрдөх алба байгуулж, шинэ зохион байгуулалт хийх шаардлагагүй. Харин байгаа бүтцээ улам боловсронгуй болгох, хөгжүүлэх, соён гэгээрүүлэх л шаардлага байгаа. Монгол Улсад АТГ, цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаа нь байна. Шинэчлэл гэдэг бол хуучнаа бүгдийг нь устгана гэсэн үг биш. Харин хуучнаа сайжруулах, сайн улалжлалаа цааш нь хөгжүүлээд авч явах, илүү шинэ элементүүдээр, орчин үеийн шийдлүүдээр баяжуулна гэсэн л үг шүү дээ.  Түүнээс биш хуучнаа бүгдийг устгана гэсэн үг огтхон ч биш.

 

-Шийдлийн Засгийн газрын нэг жилийн ой саяхан болсон. Та ер нь энэ Засгийн газрын нэг жилийн ажлаас хамгийн гол ололтыг нь юу гэж харж байна?

 

-Шийдлийн Засгийн газрын хийж амжуулсан хамгийн том бодлогын шинэчлэл бол улсын төсөв, хөрөнгө оруулалт, сангийн бодлогыг нэгтгэж чадсан явдал юм. Энэ бол бодлогын том шинэчлэл мөн. Өмнө нь Монгол Улсын хөрөнгө санхүү дөрөв, таван салаа замаар хараа хяналтгүй урсдаг байсныг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч гэсэн зогсоож чадлаа. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сул талыг хэлэхгүй бол болохгүй. Энэ Засгийн газар зарим тохиолдолд хэт дураараа дургиж байгаа. Тухайлбал Дубайн гэрээ. УИХ- аас асуулгүй, иргэд олон түмэнд мэдэгдэлгүйгээр Монгол Улсад ихээхэн хохиролтой гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан нь Ч.Сайханбилэгийн хамгийн том алдаа, магадгүй хожмын асар муу уршигтай байхыг үгүйсгэхгүй. Энэ алдаагаа залруулах ёстой. Нөгөө талаар их үлбэгэр, шийдэмгий бус, цаг нөхцөөсөн байдлаар ажиллаж байна. Ингээд яриад байвал олон юм ярьж болно. Би Н.Алтанхуягийг хамгийн их шүүмжилж, Засгийн газрыг нь ч унагалцсан. Одоо долоохон сар Ч.Сайханбилэгийг харъя даа, яршиг.

 

Өглөөний сонин

Д.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button