Японы цагдаа нар нисдэг дрон ашиглана

Нисдэг дроны технологи хөгжихтэй зэрэгцэн хэрэглээнд ч ашигтайгаар нэвтэрч байгаа билээ. Мөн дрон ашиглан халдлага үйлдэх явдал ч гэсэн гарах болсноос Японы цагдаа нар дрон ашиглан сэжигтэй нисдэг биетийг барих, тусгайлан хамгаалсан хэсэгт зөвшөөрөлгүй нисч байгаа дроныг барих тусгай хэсгийг байгуулсан байна.
Японы хамгаалалтын цагдаа нар өнгөрсөн 4-р сард Японы ерөнхий сайдын ордны дээвэр дээр цацраг идэвхит бодис агуулсан дрон олсон билээ. Тэр явдлаас улбаалаад тэд ийм төрлийн халдлагаас сэргийлэх арга боловсруулсан байна. Сэжиг бүхий нисдэг биет илэрсэн тохиолдолд тусгай тортой дрон нисэж уг биетыг агаарт хөөж гүйцэн аюулгүй болгох юм байна. Мэдээж аюулгүй байдлын шаардлагаар уг дроны үзүүлэлтийн талаарх мэдээлэл хомс байгаа ч видео дүрснээс харахад 6 сэнс бүхий, хурд сайтай тийм ч хөнгөн эд биш бололтой.
Албаныхны мэдээлснээр сэжигтэй биетийг заасан хил хязгаараас давсан тохиолдолд дрон нисгэж оператор дронд байрлах чанга яригчаар буцахыг шаардах бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тороор барих гэнэ. Дашрамд дурдахад Японы ихэнх хотод нисдэг дроныг авто зам, тусгай хамгаалалттай газрууд, нисэх буудал, эрчим хүчний станцуудын дээгүүр мөн 150 метрээс дээш өндөрт нисгэхийг хуулиар хориглодог аж. Токио болон Осака хотын зарим цэцэрлэгт хүрээлэнд мөн нисгэхийг хориглодог байна.