Бяцхан үрсийн цангинах инээд дутаж байна

Өвлийн тэсгим хүйтэн тачигнаж байлаа. Олон арван хүн хөлдөх шахам наашаа цаашаа холхилдон гүйлдэнэ. Наймаа хийн зогсож байгаа худалдаачид бидний хэлдгээр “бамбагар цагаан" өмсөн үстэй дээл зарим нь үстэй зузаан урт куртик давхарлаж өмсөөд бээвэгнэн зогсох дүр зураг ажиглагдана. Энэ бол Нарантуул зах . Харин тэдэн дунд малгайтай ноосон цамцны гадуур хальсан куртик өмсөн зуны кеттэй малгай ороолт ч үгүй 10 орчим насны жаалхүү “Үлгэрийн ном аваарай” хэмээн гүйж яваа нь өөрийн эрхгүй нүдэнд туслаа. Өөрөө үлгэр уншуулаад өвлийн хүйтэнд гэртээ амарч байх ёстой хүү ингээд явж байх ч гэж бодлоо.Үүний зэрэгцээ энэ хүүгийн эцэг эх гэж ямар хүн байгаа бол, одоо юу хийж байгаа бол? гэх бодлууд толгойд зэрэгцэн орж байлаа. Магадгүй тэд гэртээ согтуу хэвтэж байгаа байх. Аль эсвэл тэр хүү өнчин байх гэж хүртэл бодлоо. Үгүй ээ хэрэв тийм бол энэ хүү дулаан байранд улсын асрамжинд хоол унд , өвлийн дулаан хувцастай үеийн хүүхдүүдтэйгээ тоглож наадаад байж байх байсан гэсэн бодол ч төрж байлаа. 

Ер нь Улаанбаатар хотын хаа ч гэсэн хүүхдүүд ажил хөдөлмөр хийж байгаатай бид өдөр тутамдаа таардаг. Уг нь тэдгээр хүүхэд ингэж явах ёсгүй энэ юунаас болов? Тэд яагаад өвлийн хүйтэнд зуны хувцастай мөнгө олохоор бүлтгэнэн гүйх болов? Уг нь манай улс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг олон хууль, конвенцэд нэгдсэн байдаг. Жишээ нь 1989 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Хүүхдийн эрхийн конвецийг баталсан ба 1990 онд Монгол улс нэгдэн орсон байна. Энэхүү конвенцийн гол санаа нь хүүхдүүд өөрийн эрхээ мэдэж, шаардаж болох ба хүүхдүүд эцэг эх багш болон бусад насанд хүрэгчдийн “өмч” бус өөрсдийн хувийн болон нийгэм эдийн засгийн эрхтэй болохыг илэрхийлдэг. Гэвч энэ нь цаасан дээрх төдий байна. 

Манай улс 1990 оноос захын зээлийн нийгэмд шилжсэнээр ядуу хүмүүс бий болж үүнийг дагаад эцэг эхийн хараа хяналтаас гадуур тэнэмэл хүүхдүүд олшрох болсон хэмээн үздэг. Ингэснээр хүүхдүүд зах дээр гарч тэрэг түрж , жижиг сажиг зүйл зарж зарим нэг нь гуйлга гуйж амь зогоодог болсон. 

Гэхдээ хүүхдийн хөдөлмөр эрхлэлт энэ үеэс л эхэлсэн гэвэл худлаа болно. Учир нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хөдөө мал аж ахуйд хамгийн их байдаг. Манайхан үүнийг хөдөлмөр гэж ойлгодоггүй ч гадны өндөр хөгжилтэй орнууд үүнийг “Хүүхдийг тэвчишгүй хөдөлмөрт ашиглаж байна” хэмээн хардаг. Энэ бол яах аргагүй маргашгүй үнэн. Гагцхүү гудамжинд зах дээр ажиллаж байгаа хүүхдүүдээс ялгаатай нь тэд ээж аавынхаа хайран дунд хөдөлмөр эрхэлж байгаа юм. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дан ганц манай улсад бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Өнөөдөр дэлхий дахинд 5-14 насны 125 сая хүүхэд сургуульд суралцалгүй ажил хийж байгаа ба үүн дээр сурахаас гадна ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг нэмбэл энэ тоо 250 саяд хүрнэ. 5-11 насны 50-60 сая хүүхэд тэсвэрлэшгүй , 12-оос доош насны 50 сая хүүхэд хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна.18-аас доош насны 300,000 орчим хүүхэд зэвсэгт мөргөлдөөнд оролцож 30 орны засгийн газрын зэвсэгт хүчин зэвсэглэсэн сөрөг хүчинд байлдаж байна.Мөн гэрийн үйлчлэгийн ажил 16-аас доош насны охидуудын ажил эрхлэлтийн хамгийн том категори болсон. Ихэвчлэн 12-17 насны хүүхдүүд байгаа ч 5,6 настай хүүхдүүд ажиллаж байсан тохиолдол гарчээ. 

Манай улсын хувьд өнөөгийн байдлаар 8-12 насны 100 хүүхэд тутмын 12 нь суурь боловсрол эзэмшиж чадахгүй байна. Хот суурин газарт хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн 61% нь 10-15 насны , 2%-ийг 10-аас доош насны хүүхэд эзэлж байна.Хүүхдүүдийн 26,8 % нь суралцахын зэрэгцээ ажил эрхэлдэг бол 42,6 % нь завсардсан, 9,4 % нь огт сургуульд сурч байгаагүй бичиг үсэг тайлагдаагүй байна.Мөн биеэ үнэлэгчдийн дунд судалгаа хийхэд 436 биеэ үнэлэгч эмэгтэйчүүд хамрагдсаны 18,1 хувь нь 10-19 насны охид байжээ. Нөгөө олон ТББ , Хүүхдийн төлөө газар эдгээр хүүхдийн хаагуур өнгөрөөд байна вэ?

Хүүхдийг хөдөлмөрлөхөд хүргэж байгаа ганц хүчин зүйл бол ядуурал. Ядуурлыг дагаад нийгэмд олон сөрөг үр дагаварууд бий болж байгаагийн тод жишээ бол ажилгүйдэл , архидалт энэ бүхний эцэст багачууд хохирч гудамжинд гарч ажил хийж байна. Согтуу эцэг эх нь ажил хийж чадахгүй хийе ч гэсэн нас нь хэтэрсэн хэмээн ажилд авдаггүй. Энэ бүгдээс л хүүхдүүд хүсээгүй ч хөдөлмөр эрхлэхээс аргагүй болж байгаа нь өнөөдрийн нийгмийн буруу тогтолцоо. Энэ бүхэнд ирээдүй хойч үе бяцхан үрс буруугүй. Энэ хорвоо тэдний хөдөлмөрөөр бус гэнэн цайлган цангинасан инээдээр дутаж байна. Уг нь бол хүүхэд гэдэг хиргүй тунгалаг цэвэр ариун цагаан цаас гэсэн үг.Тэр цаасан дээр толбо тусаах уу үгүй юу гэдэг томчууд биднээс л хамаардаг юм. Тэгвэл өнөөдөр Монголын хэдэн мянган үрс толбо туссан цаас болон хувирсан бол?

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button