Сангийн яам АЗЗА-ын компаниудын санхүүжилтийг шийдвэрлээгүй байна

Ойрын өдрүүдэд орон нутагт цас орж, шуурч байгаа тул замын нөхцөл байдал хүндэрч Автозамын засвар арчлалтынхан шуурхай бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ. Гэвч санхүүжилт олгогдоогүй байгаагаас бензин шатахуун дутмаг байгаа юм байна.
Хэрэв Сангийн яам Автозамын засвар арчлалтын компаниудын санхүүжилтийг яаралтай олгохгүй бол зам, давааг шууд хаахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч болзошгүйг Зам тээврийн яамны шуурхай хуралдаан дээр ярьжээ.. Иймд асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхийн тулд АЗТБХЗГ-ын дарга холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзах шаардлага тавьжээ.
Мөн Орон нутгийн Авто тээврийн төв, Автозамын засвар арчлалтын компаниудын захирлууд нутгийн удирдлагуудтайгаа ойлголцож ажиллах тал дээр дутагдалтай байдаг гэнэ. Тухайлбал, Архангайн Авто тээврийн төв шинэ байраа нээсэн ч зорчигчдын хүлээлгийн заал нь хэт жижиг мөртлөө даргынх нь өрөө хэтэрхий том байх жишээтэй. Зорчигчдын ая тухыг хангаагүй байдал ажиглагдаж байгааг М.Зоригт сайд шүүмжилсэн байна.
Ингээд энэ асуудлаар дарга ямар арга хэмжээ авснаа АТҮТ-ийн дарга Н.Пунцаг Ирэх 7 хоногийн сайдын шуурхайд танилцуулахаар болжээ.
Olloo.mn