Ирэх хавар нийслэлийн үнэр дийлдэхгүй болно

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачаалал өнгөрсөн он жилүүдэд эрс нэмэгдэж гурван газартаа эвдрэл үүсэж, яаралтай засвар хийх шаардлага өнгөрсөн зургадугаар сард тулгарсан. Ингээд 24 цагийн зогсолт хийж нийслэлчүүд бүтэн нэг хоногийн  турш бохироо ундны усны эх үүсвэр болсон Туул голдоо  цутгасан юм. Ингэхдээ албаныхан хагас цэвэрлэсэн бохирыг Туул гол руу асгасан гэж байгаа ч  иргэд үүнд итгээгүй. Учир нь нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын бохирдол хэрээс хэтэрч, үнэр танар нь дийлдэхээ больсныг тэр хавийн оршин суугчид хэлдэг. Тэгвэл энэ  бохирын үнэр одоо хэр нь үнэртэж хотын баруун хэсгийнхний толгойны өвчин болсоор  байна. 

Тухайн үед засварын ажлыг аль болох богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж, энэ хэрээр гурав хоног хийнэ гэж байсан засварыг ердөө ганцхан хоногийн дотор хийж дуусгасан билээ. Харин ингэж яаруу сандруу хийсэн засвар нь сайн болсон гэдэгт олон хүн эргэлзэж хоцорсон юм. Энэ нь ч  өдөр өнгөрөх тусам түр зуурын аргацаасан  ажил болох нь батлагдаж өдгөө нийслэл хотын баруун хэсэг тэр чигтээ бохирын үнэрт дарагджээ. Энэ үнэр өдөр өдрөөр хотын төв рүү ирж байгааг  иргэд хэлж байна. Тухайлбал өмнө нь Хан-Уул дүүргийн Био комбинат, Яармаг, Сонгинохайрхан дүүргийн Яармаг, Сонсголон орчимд үнэртдэг байсан бол өдгөө 10 дугаар хороолол орчимд хүртэл үнэртдэг болсон байна. Зарим дулаахан өдөр хотын төв талбай орчимд ч үнэртэж байсан юм.

Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал нэгэн цагт Азийн цагаан дагина нэртэй байсан Улаанбаатар хот маань  утаандаа дарлуулсан, бохирын үнэртээ дарагдсан дэлхийн хамгийн  их бохирдолтой  хот болох нь. 

Төв цэвэрлэх байгууламжид завсар  хийх шаардлага тулгарсан үед хотын удирдлагууд холбогдох албан тушаалтнууд шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай барьж ашиглалтад оруулах шаардлагатай хэмээн дуу дуугаа авалцан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан ч  өнөөдөр энэ асуудлыг ярих хүн олдохгүй байна.Тухайн үед дарга нар Франц улсын тусламжтайгаар шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах боломжтой хэмээж байсан ч өнөөдөр энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар хэлэх хүн алга. 

Засгийн газрын тэргүүн төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж, танилцсаны дараа шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар концессоор шинэ цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарсан. Харин бидний өнгөрсөн он жилүүдэд харсан туршлагаар концессын гэрээгээр хийгддэг ажлуудад цаг хугацаа маш их ордог нь ажиглагдсан. Ганц, хоёр жил гацах нь энүүхэнд асуудал болоод байна. Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн төрх ингэж удаан хийгдэхийг тэсвэрлэх болов уу. Өвлийн улирал ирж,  үнэр танар нь гайгүй байгаа  ч ирэх хавар өмхийдөө дарлуулах л болно. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button