Хав дарсан хөрөнгө илэрсээр л…

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ- аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 13.8-д байгаа заалтыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уях шаардлага үүсэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гэр бүл, хамаатан садныхаа нэрээр нууж байсан орлого, үл хөдлөх хөрөнгө зэргээ ил болгон тайлагнасан нөхцөлд тэр нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд мэдээлэл нь нууцлагдах ёстой. Гэвч Авлигын эсрэг хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрийн албаны 38 мянган хүн Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг аж. Түүгээр дамжиж нууцын зэрэглэлд байх ёстой мэдээлэл нь ил болох нөхцөл үүсээд байгаа гэнэ. Мөн сахилгын хариуцлага хүлээлгэх заалт дээр нэр дурдсан хуульд туссан байгаа нь төрийн албаныхны дунд хүлээлт үүсгэжээ.
Нөгөө талаас хуулийн хэрэгжиж дуусах хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31- нээр хязгаарлагдаж байгаа тул татвар, нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсэж, ажлаа дийлэхгүйд хүрчээ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч ажлын ихээхэн ачаалал, дарамт үүссэн гэнэ.
Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр бол энэ сарын 14-ний байдлаар таван их наяд төгрөггэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болжээ. Нийтдээ 578 хуулийн этгээд тайлангаа ирүүлсэн байна.
Нийгмийн даатгалын байгууллагын хувьд гол ажлууд нь гараар хийгддэг, мөн гурван хүний асуудлыг шийдүүлэхийн тулд нэг компани таван өдөр зарцуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай нь харагдаж байгаа гэдгийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн юм. УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сард баталсан ч түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг Засгийн газар аравдугаар сарын 10- нд баталжээ. Өөрөөр хэлбэл, журам гарахыг хүлээж цаг нэлээд алджээ. Үүний дараагаас иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын өршөөлийн хуульд хамрагдах боломж нь нээгдсэн аж.
Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг сунгаад өгөхөд болохгүй гэх зүйлгүй, Засгийн газарт чиглэл өгч хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж зарим нэр бүхий гишүүд хөндсөн бол УИХ-ын дарга З.Энхболд баталсан хуульд заасан цаг хугацаагаа барьж шахаж ажиллахыг үүрэгдэв. Тэрээр “Татварын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ арванхоёрдугаар сарын 31-н хүртэл шахаад ажилла. Амралтын өдрүүдэд ч ажиллах ёстой. Нэг жил шинэ жил тэмдэглэхгүй л байна биз. Тэр болтол тайлангаа аваад ажилла. Түүний дараа сунгах эсэхээ шийдэх нь зөв. Ингэхгүй бол хугацааг нь сунгах нь гэж тайвшраад тайлангаа өгөхгүй алгуурлаж болзошгүй" хэмээн лүндэн буулгав. Ямартай ч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үр дүнгээ өгч эхэлжээ.