Ихэнх өрх амьжиргааны түвшний 18-аас дээш бүлэгт хамаарагддаг

Эдийн засаг хямарсантай холбоотойгоор том, багагүй бүсээ чангалах горимд шилжихийг УИХ-аас уриалж, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор “баталсан”. Өөрөөр хэлбэл УИХ-аас хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулж, 103 дугаар тогтоол баталсан байдаг. Энэ нь өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгоно гэсэн үг. Ингэхдээ “томчууд” Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан. Энэ нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн.

 

Мөнгөн дүнг бууруулна гэдэг нь баахан хүүхэд 18 нас хүрсэндээ бус тухайн өрхийг баян, ядуугаар нь ялгаж байж өгнө гэсэн утгатай. Ингэж л 40 хувиар бууруулах оролдлого хийж байгаа хэрэг.

 

Мэдээж халамж буюу сул орж ирж буй улсын мөнгөнд дургүй хүн гэж хаа байх вэ. Тиймээс бүгд л хүүхдийн мөнгөө хүртчих санаатай амьдран суудаг хорооныхоо Халамж үйлчилгээний ажилчдыг “боорлон”, өөрсдийгөө ямархан байдлаар хэрхэн бүртгүүлснээ шалгуулахаар дараалал үүсгэх болжээ. Ингэсний хүчинд зарим айл Монгол Улсад данстай эсэхээ мэдэж авч байгаа юм байх. Учир нь 2013 онд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй яваагаа өнөөг хүртэл мэдээгүй байсан аж.

 

Тиймээс хүүхдийн мөнгөө авахын тулд энэхүү судалгаагаар амьжиргааны түвшний хэддүгээр бүлэгт яваагаа мэдэх зайлшгүй шаардлагатай тулгарч, зарим нь улам бүр ядуу болж, нөгөө хэсэг нь шинэ гэр бүл шиг л бүртгэлд хамрагдаж байгаа гэнэ. Өрхийн амьжиргааны түвшин нь 20 бүлэгтэй. Мэдээж 1-6 бүлгийнх бол ядуу. Үүн дотроо 1-2 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бол хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай. Хатуухан хэлбэл нэн ядуу гэсэн ангилалд орно. Харин 7-17 бүлгийнхэн дундаж давхаргынхан. 18-20 дугаар бүлэгт хамаарагдах өрх бол өнөөгийн хүүхдийн мөнгө ч авах хэрэггүй гэгдээд байгаа баячууд. Гэхдээ иргэн  болоод тухайн өрх өөрийн мэдэлгүй 18-20 дугаар бүлэгт хамаарагдчихсан яваа гэдгээ тэр бүр анзаарахгүй байгаа бололтой.

 

Жишээлбэл Баянзүрх дүүргийн 3000 орчим өрхтэй хорооны хувьд 300 орчим буюу 10 хувь нь л 1-17 дугаар бүлэгт хамаарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тус хорооны өрхүүд улсын халамж хүртээд байхааргүй хангалттай хөрөнгөтэй гэж хэлж болохоор. Үнэн хэрэгтээ бодит амьдралыг нь харахад дээрх тоо эсрэгээрээ байдаг аж. Учрыг тодруулбал, иргэд 2013 онд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд оролцох үедээ ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх гэх зэргийн судалгаанд тэр үеийн сэтгэл хөдлөлөөрөө хандсан тохиолдол их гарсантай холбоотой аж. Тиймээс иргэд өдгөө хүүхдийн мөнгөө авах сонирхол нь давамгайлж, зарим нь дээрх судалгааны дүнг өөрчлүүлэх хүсэлтээ өгч эхэлжээ.

 

Өрхүүдийн ихэнх нь өөрийгөө дундаж давхаргынх гэдэгт үл итгэж байгаа гэнэ. Өөрийн нэр дээр байр сууц, газар, унаа машин ч үгүй хэрнээ дундаж түвшний амьдралтай гэхээр итгэхгүй байхаас ч аргагүй биз. Тиймээс л хүүхдийн мөнгөний "буянаар” өөрийгөө хэн гэдгийг мэдэх боломж бүрдсэн бололтой.

 

Түүнчлэн зарим иргэний хувьд зөвхөн хүүхдийн мөнгөө авахын тулд үгээгүй ядуу болох гэж ямар ч эд хогшилгүй гэж судалгааны материал бөглөж өгч байна. Харамсалтай нь ингэж бөглөж, амьжиргааны түвшнээ доогуур тогтоолгох нь эргээд өөрт нь сөрөг нөлөөтэй гэдгийг тэр бүр ойлгохгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэгчээр хүүхдийн мөнгө авахын тулд амьжиргааны бүлгээ доош нь татах нь эргээд ямар нэгэн байдлаар орон сууцны зээл авахад сөргөөр нөлөөлнө. Учир нь зарим банк дээрх амьжиргааны түвшний судалгаанд үндэслэн зээлийн судалгааг хийх тохиолдол гардаг. Энэ нь ипотекийн зээлийн журамд амьжиргааны түвшний судалгаанд 7-15 дугаар бүлэгт багтсан иргэдэд орон сууцны зээл олгох тухай заасантай холбоотой. Үүнийг баримталж буй хэрэг. Гэхдээ үүнийг баримтлахдаа зарим банк 15 дугаар бүлгийн өрх зээлээ эргэн төлөх боломж хомс гэдгийг ч анхааралдаа авчихсан тухай иргэд хэлж байгаа юм. Тиймээс л хүүхдийн мөнгөө авахын тулд ядуу, орон сууцны зээлтэй болохын төлөө баян гэсэн бүлэгт хамаарагдах шаардлагатай болчихлоо гэх иргэн олон болж буй юм.

Ямартай ч өөрийгөө амьжиргааны түвшний судалгаанд бүртгэлтэй эсэхээ заавал шалгах шаардлагатай бололтой. Тэгэхгүй бол дээр хэлсэнчлэн 18-аас дээш бүлэгт өөрийн мэдэлгүй орчихсон яваа бол хүүхдийн мөнгөний жагсаалтаас авоматаар хасагдаж байгаа гэнэ. Юутай ч “Готов нь авна уу, Шадав авна уу” гэгчээр хэнбугай нь ч мөнгө өгөх сургаар хорооны ажилтнуудаа “боорлож” байхын оронд түрүүлж очоод өөрийнхөө бүртгэлийг харахад гэмгүй юм билээ.

 

Өглөөний сонин

Б.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button