Зочид буудлуудад эхний ээлжийн 77.1 тэрбум төгрөгийг хэзээнээс олгох нь тодорхойгүй байна

Манай улсын төр, засгийн удирдлагууд “АСЕМ”-ын дээд хэмжээний XI уулзалтыг ирэх оны долоодугаар сард эх орондоо зохион байгуулах эрхийг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нөгөөтэйгүүр олон орны төр, засгийн удирдлагуудыг хүлээж авах бэлтгэл ажилдаа хэдийн орж, зөвхөн тус дээд хэмжээний уулзалтад зориулж “Богд” уулынхаа хормойд л гэхэд “АСЕМ велла” хотхоныг барихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж одоо байгаа шалгуурыг нь давсан 44 зочид буудал байгаа билээ. Ингэхийн тулд “Хөгжлийн банк”-аар дамжуулж Зочид буудлуудын холбоонд 150 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх зарчмаар олгохоор болсон байдаг. Харамсалтай нь, дээрх мөнгийг өнөөг хэр нь олгож эхлээгүй байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.
Үнэндээ энэ сарын эхээр Гадаад хэргийн яамнаас олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ “Төрийн дээд хэмжээний уулзалт болох “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд 44 зочид буудалд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Эл хүрээнд “Хөгжлийн банк"-наас 77 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулж олгож эхэлсэн” гэх тайлбарыг өгч байв.
Эдийн засаг хүнд байгаа өнөө үед дээрх мэдээлэл олон иргэнд таатай сонсогдож байсан нь лавтай. Харамсалтай нь, эл холбооны удирдлагууд эрс үгүйсгэж, нэг ч төгрөгийн зээл олгоогүйг хэлж, багагүй шуугиан тарив. Иргэд ч Гадаад хэргийн яамнаас зочид буудлуудад зээл олгосон гэж худал мэдээлэв үү, эсвэл “Хөгжлийн банк”- ыг мөнгөгүй байна уу гэх мэтчилэн маргаж, хоёр хэсэг хуваагдан төөрөгдсөн. Гэвч төд удалгүй Гадаад хэргийн яамнаас дахин мэдээлэл хийж өөрсдийнхөө өгсөн өмнөх тайлбарыг няцааж, хэвлэл мэдээллийнхэн ташаа ойлгосон мэтээр ярьж, үгүйсгэсэн билээ.
Өөрөөр хэлбэл, Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин энэ сарын 12-нд мэдээлэл хийх үеэрээ ‘‘Тухайн үед эхний ээлжид 70 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг олгосон гээд ташаа ойлгочих шиг болсон. Гэхдээ бид энэ талаараа “Хөгжлийн банк”- наас тодруулсан. Тэдний ярьж байгаагаар бол зохих шалгуурыг хангасан зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарчихсан байгаа юм билээ. Бусад зочид буудлаас ирсэн материал шаардлага хангаагүй гэж сонссон. Харин санхүүжилтийг хэрхэн, яаж олгохыг тус банкнаас тодруулсан нь дээр байх” гэсэн юм.
Тэгвэл дээрх асуудлаар бид “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай холбогдож тодруулахад “Эхний ээлжинд шаардлага хангасан зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарсан нь үнэн. Гэхдээ одоогоор яг хэзээнээс, ямар журмаар олгож эхлэх талаар тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй байна” гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн “Яг одоогийн байдлаар "Хөгжлийн банк"-ны дансанд 900 орчим тэрбум төгрөг бий. “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтад зориулж 150 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулж зочид буудлуудад олгох ёстой. Эхний ээлжид шаардлагатай санхүүжилтийг зээл хэлбэрээр олгоход бэлэн байна” гэв. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банк”- аас өгч буй мэдээллээс үзэхэд тус банкаар дамжуулж Зочид буудлуудын холбоонд олгох 150 тэрбум төгрөгийг хэзээнээс олгож эхлэх нь өнөөг хэр нь тодорхойгүй хэвээр байна. Нөгөөтэйгүүр эхний ээлжинд шаардлага хангаж, шалгуур давсан зургаан зочид буудалд олгох 77.1 тэрбум төгрөгийг ч ямар зарчмаар олгох нь ч бүрхэг байгаа аж. Тэр ч битгий хэл, шаардлага хангаагүй гэх бусад зочид буудлуудыг хэрхэх, үлдэгдэл санхүүжилтийг эцсийн байдлаар хэзээ олгож дуусах нь ч хариултгүй байна.
Өглөөний сонин