Ч.Сайханбилэг: Оюутолгойд ямар ч улстөр хутгалдахгүй, цэвэр бизнесийн төсөл

Сүүлийн гурван жилийн турш хүлээлтийн байдалтай байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Сайн муугаар дуудуулсаар Монголчуудын хувьд авралын гэж хэлж болохуйц Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар Монголоос дайжиж одсон хөрөнгө оруулагчдын итгэл дахин сэргэх, дотоодын хөрөнгө оруулалт ч тэлэх ихээхэн үр дүн хүлээгдэж байгаа юм.

 

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 20 гаруй банк, санхүүгийн байгууллагуудаас авахаар болоод байгаа.

 

Монголын эдийн засаг, санхүүд томоохон эргэлт авч ирэх түүхэн гэж болохуйц гэрээнд гарын үсэг зурах ёслолд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд болон "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, "Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлай, Рио Тинтогийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Свбастьян Жак нар оролцсон юм.

 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын нээлтийн үеэр эрхэм зочдын хэлсэн үгсийг хүргэж байна.

 

Рио Тинто-гийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх:

 

Түүхэн өдөр маш чухал үйл ажиллагаа тохиожбайна. 4.4тэрбум ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийг баталгаажуулах түүхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурж байгаа нь Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх боломжийг олгох юм.

 

Рио Тинтогийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Свбастьян Жак:

 

Төслийн хувьд Оюу толгой уурхайг дэлхийн чансааны ач холбогдолтой уурхай болгох гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ санхүүжилтээр Монгол Улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 20 км газар бүхий асар том хүдрийн биетийг олборлох ажлыг энэ санхүүжилтээр хийх юм.

 

Монгол Улсын Засгийн газар энэ ажилд түүчээлэн оролцож буйд нь талархал илэрхийлье. Мөн хөрөнгө оруулж буй банкуудад талархал илэрхийлье. Ийнхүү итгэл үзүүлэн санхүүжилт өгч буй нь энэ төслийн чансааг харуулж байна. Монгол Улсад үр өгөөжөө авчрах сайхан бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

Энэ өдрийг бид он удаан жил хүлээсэн. Энэ өдрийг бүтээхийн тулд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархаж байна. Би өнөөдөр хоёрхон зүйлийг хэлнэ.

 

Нэгдүгээрт, Өнөөдрөөс эхлээд Оюу толгой ямар нэгэн улстөр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа эрхмүүд, удирдах зөвлөл, бизнесийнхэн Оюу толгойн төсөл, гүний уурхайг цааш нь авч явна.

 

Хоёрдугаарт, Өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк, Рио Тинто Монгол Улсад зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах, өөрсдийнхөө түншийг олж авах, зээл авах үүд хаалга нь нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ гэдгийг хэлэхийг хүсэж байна.

 

“Эрдэнэс Монгол" ХХК- ийн Гуйцэтгэх захирал Б.Бямбасайхан:

 

Бидний гол зорилго бол Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Оюу толгой бол Монголын компани, Монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь юм. Өнөөдөр төслийн санхүүжилтийг авснаараа санхүүжилтийн өртгийг багасгаж байна. Ийнхүү зардлаа багасгаснаар ирээдүйд олох ашгаа нэмэгдүүлж байна. Ингэснээр 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын иргэдийн зүгээс ярих юм бол ашиггай ажиллах нөхцлийг бүрдүүлж өглөө.

 

2010 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг хурдацтайгаар тэлсэн. Маш олон компани үүнийг мэдэрч, шинэ ажлын байрууд бий болсон.

 

Бид өмнө нь болж байсан юмаа ахин давтаж, шинэ хөрөнгө оруулалт татаж байна. Эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Дор хаяад жилд нэг тэрбум орчим ам.долларыг шинэ бүтээн байгуулалтын явцад зарцуулна. Мөн Оюутолгой үйл ажиллагааны орлогоосоо Монголын эдийн засагт оруулна. Тэгэхээр эдийн засагт маш сайн нөлөөтэй гэж үзэж байгаа.

Тийм ч учраас өнөөдрийн арга хэмжээнд Монголын бизнесийнхэн ирсэн байна. Хамгийн гол нь бизнест эерэг дохиог өгч байна. Монгол компаниуд ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой болж байгаа.

 

 Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон эрхмүүд ингэж ярьж байна. Мэдээж 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн банк санхүүгийн салбараас босгон авч ирж байгаа нь томоохон үйл явдал мөн. Харин Монголын Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд дээрх мөнгө өр болон орохыг сайтар эргэцүүлэн бодууштай.  Нэг ёсондоо дээрх мөнгө хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр орж ирж байгаа ч энэ нь эргээд Оюутолгойгоос Монголчуудын хүртэх учиртай ашгийг тэр хэмжээгээр хойш нь чангаах мөнгө гэдгийг бодолцох ёстой.

 

Тэгвэл ашиглалтад ороод 40 жил болж байгаа Эрдэнэттэй Оюутолгойг жишиж үзье. 2014 онд Монгол Улс нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг, дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байгаа юм билээ. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр компани хангаж байгаа. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх 23 хувьтай байж.

 

Өнгөрсөн оны тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулж. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол “Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байна. Шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас харвал “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг бодвол алт, мөнгө, молибден, хүдэр, зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна. Харьцуулбал “Оюутолгой”-н орд полоон “Эрдэнэт”, 45 “Бороо”-гийн ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг гүйцэхгүй л байгаа. 1963 онд Монгол, Зөвлөлт, Чехославакийн хайгуулчид зэс молибдений ордыг нээснээр Монголчуудын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсон. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит "Росстехнологи" корпораци эзэмшиж байгаа.

 

 Алсын хараатай, зөв мэргэн шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж, Монголчуудыг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэхээр аргагүй л зууны бүтээн байгуулалт мөн. Харин Рио Тинтогийн удирдлагууд "Ус муутай" гэсэн шалтаг тоочин Оюутолгойд томоохон бүтээн байгуулалт хийх, ядаж л 10-20 мянган хүнтэй тосгон байгуулах талаар ч шийдсэн зүйлгүй, өнөөдрийг хүртэл гэр кемпэд Монгол ажилчдаа байрлуулж, өөрсдөө түр зуурын угсардаг байшинд амьдарсаар байгаа. Тэдний хувьд Монголын говьд суурин амьдралтай тосгон байгуулах, Оюутолгойг тойрсон суурьшмал амьдралын бүс байгуулахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь өнгөрсөн дөрвөн жилийн байдлаас тодорхой харагдаж байгаа.

 

Одоо Монголчуудад гурваас дөрвөн жилийн дараа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж говийн газрын гүний усыг их хэмжээгээр соруулан хэрэглэснээс хэдхэн жилийн дараа гүний усны нөөц нь шавхагдаж, магадгүй Сэлэнгэ мөрөн, Орхон голоос хоолойгоор ус татах нөхцөл үүсэж ч болзошгүй. Гэхдээ тухайн үед "түүхэн шийдвэр"-үүдийг Монголын эрхэм улстөрчид гаргах учиртай. Харин бид тухайн үед хэрхэн “молгидуулах”-уу, аль эсвэл эдийн засгийн гайхамшиг бүтээх үү гэдгийг харуулах түүхэн цаг хугацаа өчигдрөөс эхлэн явж эхэллээ.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button