“Ромео&Жульетта” сонгодог жүжгийн талаар Их Британий Элчин сайдын хэлсэн үг

2015 оны 11-р сарын 9
Та бүхнийг энэ хэвлэлийн бага хуралд намайг урьсан явдалд талархахын сацуу 20 жилийн дараа театрын тайзнаа дахин энэхүү алдарт бүтээлийг шинээр бүтээн туурвиж буйд талархал илэрхийлж, уран бүтээлчдэд амжилт хүсье.
УДЭТеатр үзвэрийн жилийн нээлтээр "Ромео & Жульетта” жүжгийг сонгосонд би үнэхээр сэтгэл хангалуун байна.
Аливаа хэл яриаг өөр оронд нутагшуулах нь хэцүү байдаг. У.Шекспирийн зохиолуудыг ч заримдаа эх хэлээр нь ойлгоход бэрх. Гэвч У.Шекспирийн жүжгүүдийг олон орны хэл рүү хөрвүүлэн орчуулсан явдал нь зөвхөн Англи хэлний гайхамшгийг илэрхийлэхээс гадна хүмүүн төрөлхтөн бид нэг цул юм гэдгийг харуулж буй хэрэг билээ. 16–р зууны Лондонд өрнөж буй бүхий л үйл явдал, хүмүүсийн зан чанар ааш араншинг бид одоо ч 21-р зууны Монголд мөн бидний эргэн тойронд өрнөж буйг харж болно.
У.Шекспирийн зохиолууд бидэнд зөвхөн сэтгэлийн таашаал өгөхөөс гадна бидний өөрсдийн тухай, бидний амьдарч буй өнөөгийн нийгмийн талаар илүү ихийг хэлж өгдөг. Хүмүүсийг дарангуйлагч, энэрэнгүй, шударга бус болгож буй тэдгээр сэдлүүд үүний эсрэг хэрхэн тэмцэх тухай мөн бусдыг болон өөриийгөө ойлгоход түүний зохиолууд асар их үүрэгтэй байдаг.
Хэдий тэрээр Англиас гаралтай ч тэр угтаа дэлхийд данстай хүн. Өөр өөрийн өвөрмөц соёлтой орон бүр мөн түүний бүтээлийг шинээр амилуулахаар ажиллаж буй хэн бүхэн ямар нэгэн шинэлэг санааг бүтээлээс нь олж хардаг. Та бүхэн санаж байгаа байх, саяхан хичээлийн шинэ жил эхлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын хүүхэд залуусыг У.Шекспирийн зохиолуудыг уншиж судлахыг уриалсан. Их зохиолчийн тэнгэрт хальсны 400 жилийн ойг бид ирэх жилийн 4-р дүгээр сард тэмдэглэх хүртэл Монголчууд бас энэхүү ойг угтаж олон арга хэмжээ зохионо гэж найдаж байна.Тиймээс УДЭТеатрт тавигдах түүний алдартай жүжиг болох “Ромео & Жульетта”-г үзэж сонирхохоос өөр илүү сайхан зүйл байхгүй юм.
Жүжгийн сурталчилгааны хуудас миний сэтгэлийг маш ихээр татлаа. Удахгүй бид “Ромео & Жульетта”-н түүхийг цоо шинэ тавилтаар үзэх гэж байна. Та бүхэн жүжигчдийн хувцас, тайз засал, найруулга, гол дүрийн хоёр залуу жүжигчдийн тоглолтыг харж мөн энэхүү жүжигт зориулан гаргасан хөгжмийг сонсоорой. Гайхалтай биш гэж үү!!!
Бид түүнээс 400 жилийн хойно, амьдарч байсан газраас нь 7,000 бээрийн хол газарт оршиж буй хэдий ч тэр өнөөдөр ч бид бүгдтэй бүтээлээрээ ярилцаж байна. Энэ л У.Шекспирийн гоц ухаан, аугаа суу билэг.
БАЯРЛАЛАА