Хэвлэх үйлдвэрийн дараагийн эзэн Ц.Баатарсайхан болох уу

Өнгөрсөн өдрүүдэд төв талбайн зүүн хэсэгт байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг дуудлага худалдаагаар худалдсан нь олны анхаарлыг ихэд татлаа. Үнэндээ дуудлага худалдаа олны анхаарлыг татсан хэрэг биш. Харин дуудлага худалдаагаар үнэ цохиж авсан шинэ эзэн нь олны анхаарлыг татсан. Тодруулбал багагүй хэл ам, дагуулдаг энэхүү хэвлэх үйлдвэрийн газраас болж хэдэн жилийн өмнө Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  аавын хаалга татаж байсан  билээ. 

Тэгвэл уг барилгын газрыг Иран улсын гаралтай ч Монгол улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэгч худалдан авсан юм. Ингээд түүнтэй холбоотой мэдээллүүд ар араасаа хөврөх болж түүнийг хэн болох талаар хэн хүнгүй сонирхох болсон билээ. Гэвч  Абдул Каримын талаар сайнаасаа илүү саар мэдээллүүд хөврөх болсон. Түүнийг шонхор шувууг арабуудад худалддаг гол хүн гэх мэдээлэл хүртэл гарсан. Энэ бүх мэдээллээс залсан Абдул Карим хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг авахаасаа татгалзаж буйгаа өөрийн биеэр мэдэгдлээ. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баянбат мэдээлэл өгөхдөө “Абдул Карим дуудлага худалдаанд оролцож, хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг худалдаж авсныгаа цуцалж буйгаа мэдэгдэн өргөдлөө өглөө. Өргөдөл өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэрийг гаргалаа. Дуудлага худалдааны ялагч болсон хэдий ч татгалзах нь зөв шийдвэр гэж үзсэн" гэж тайлбарласан хэмээгээд “Тиймээс дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр дараагийн үнийн саналыг өгсөн “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханд эрх шилжих боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дуудлага худалдааг дахин зарлах болно. Мөн дуудлага худалдаанд оролцох журмын дагуу Абдул Каримын дэнчинд өгсөн 710 сая төгрөгийг улсын орлого болгоно” гэсэн юм. 

Тэгэхээр “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан өнөөх хэл ам дагуулдаг хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахаар болж байна. Гэхдээ тэр яг авах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Гэвч түүний хариу өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.Тэгэхээр хэвлэл үйлдвэрийн дараагийн эзэн “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан байх уу эсвэл өөр хүн байх уу гэдэг өнөөдөр тодорно. Хэрэв тэрбээр хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзвал дахин дуудлага худалдаа зохион байгуулах юм. 

Дашрамд дуулгахад Ц.Баатарсайхан хэвлэх үйлдвэрийн  газрыг ийм өндөр үнээр худалдан авахгүй, ийм үнэд хүрэх газар биш хэмээн гэдийж суугаа сурагтай. Тэгвэл тэрбээр дуудлага худалдаанд орохдоо  яах гэж ийм өндөр үнэ хэлж суусан бэ гэдэг нь сонин. Тэрбээр зориудаар үнэ хөөрөгдсөн ч байж болох талтай юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button