97 суманд өвөлжилт хүндэрчээ

Өнөөдрийн байдлаар улсын  хэмжээнд нийт нутгийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна.

Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нэг  аймагт дунджаар 150-250 сая төгрөг хуваарилахаар боллоо.Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж  байгаа 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85,7 хувьтай хангаж, аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 23,044 тн өвс, 3,345 тн тэжээл бэлтгэж, улсын нөөцөд 2015 онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлсэн.

Гэсэн хэдий ч  өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид болон аймаг, орон нутгийн  удирдлагын зүгээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг ирүүлээд байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button