Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах уу

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжиж дуусах хугацаа энэ сарын 31-нээр хязгаарлагдаж байгаа  билээ. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль энэ сарын 31-ээр төгсгөл болно гэсэн үг. Гэтэл манайхан аливаа зүйлийг хийхдээ цагийг тулгаж, яаран сандран хийдэг муу зуршилтай. Энэ зуршлаа пүүс компаниуд Эдийн засгийн ил тод байдлыг хангах асуудал дээр ч гаргаж байгаа гэнэ.

Иймд татвар, нийгмийн даатгалын байгууллагад сарын сүүлтэй зэрэгцэн ачаалал үүсэж, ажлаа дийлэхгүйд хүрсэн гэнэ.

Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр энэ сарын 14-ний байдлаар таван их наяд төгрөгтэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болсон тухай Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн хувьд нийт 1737 аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамрагдахаар ил тод байдлын тайлан гаргахаар хүсэлт илгээжээ. Үүнээс 674 тайланг албан ёсоор баталгаажуулсан аж. Өөрөөр хэлбэл, 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгосон байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар 161.3 сая төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.

Албан татварын тайлангийн хувьд нийт таван төрлийн татварын хүрээнд 5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болсон байна. Мөн 572.1 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлжээ. Энэхүү тайлангийн хүрээнд 171.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна. Тайлан ирүүлсэн нийт татвар төлөгчийн 34.1 хувь нь шинээр бүртгүүлсэн, 15.3 хувь нь өмнө тайлан гаргаж байгаагүй, 50.5 хувь нь татварын тайлангаа буруу гаргасан татвар төлөгч байгаа аж. Гаалийн татвар, хураамжийн нөхөн мэдүүлгийн хувьд 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна. Нийт 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлжээ.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувьд нийт 114 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгджээ. Үүнээс 13.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийн анхны бүртгэлийг хийж, 3.2 сая төгрөгийн үйлчилгээний болон тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Нийгмийн даатгалын байгууллагын хувьд гол ажлууд нь гараар хийгддэг, мөн гурван хүний асуудлыг шийдүүлэхийн тулд нэг компани таван өдөр зарцуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай нь харагдаж байгаа гэдгийг энэ үеэр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал хэлжээ.

Гишүүн Ц.Оюунгэрэл дээрх хууль нь баррель үсгээр хэвлэгдэж гараагүй тул хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндрэл учирч байгааг байнгын хорооны хурлын үеэр онцолж байв. Улмаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, татварынхны зүгээс ч санал нэг байгаагаа өгүүлсэн.

Гэхдээ Засгийн газраас эл хуулийн хэрэгжиүүлэх журмыг батлахдаа хэрэгжилтийн хугацааг сунгахгүй гэдгийг удаа дараа анхааруулж байсныг энд дурьдах нь зүйтай байх.

Гэвч УИХ-ын дарга З.Энхболд баталсан хуульд заасан цаг хугацаагаа барьж шахаж ажиллахыг үүрэгдэж, Татварын ерөнхий газрынхныг амралтын өдрөөр ч ажиллаж, шинэ жил тэмдэглэхгүй байхыг анхааруулсан юм. Ингэснээр төрийн байгууллагуудыг он дуустал шахаж ажиллахыг байнгын хорооноос үүрэг болгов.

Тэгэхээр иргэд, аж ахуй нэгж Далд эдийн засгийг бууруулах зорилгоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжих хугацааг сунгана гэдэгт найдах хэрэггүй болж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button