Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад ханджээ

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өчигдөр мэдээлэл хийж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ. Учир нь “Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт нийтлэгдсэн “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай бичжээ.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар хэлэхдээ “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэж, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсэж цагдаагийн байгууллагад хандаад байгаа. С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.
olloo.mn