Үнэгүйдэл "хөгжих" цагаар

/ФЕЛЬЕТОН/

Монголд юм бүхний үнэ гайхмаар өсч, газраас хөндийрч тэнгэрт ойртож байна. Нэг ёсондоо хий үзэгдэл болон тэнэж америк маягийн ардчиллын хуулиар цаашилж байгаа хэрэг. Үнэ гэгч өсөхдөө хөөсөрч хэсэг байснаа “хүйтэрч” улмаар “цэвдэгшиж” хүний халаасыг чөтгөрийн савраар тэмтчин хоосолдог адын араншинтай юм. Ингэж бүх юмны үнэ дээд цэгтээ хоног хоногоор ойртон галзуурч байхад ганцхан зүйлийн үнэ навс ёстой хог новш болж байна. Энэ нь монгол хүний үнэ цэнэ юм. Ялангуяа эгэл жирийн борчууд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний үр хүүхэд бүгд жинхэнэ “амьд хог”. Тэдний үгийг сонсдог, үйл хэргийг ойлдгодог, өрөвдөж хайрладаг хүний тоо өдрийн од шиг цөөрч байгаа нь нүдэн дээр болж байгаа хэрэг. Тэгээд эр хүйстэй бол бүр дуусаа.  Тийм эр хүйстэй “амьд хог” нь архин дунд хэсэг сүүдэгнээд юмуу, “аав”-ын хаалга татаж гүнзгий балчиг шаварт унаж, авгай хүүхдүүддээ “адгийн шаар”-аараа дуудуулсаар мөнх бусын замд шуударч байгаа нь олон. Зарим хэсэг нь авгай хүүхэддээ хаягдаж, амьдын хагацал үзэн “Улаан чулуут”- ын дүүрэг рүү шилжих юмуу, эсвэл Улаанбаатарын гудамжаар өмхий хар уут чирсэн “хогчин” болж өдөр хоног төөрүүлж явсаар нэг мэдэхэд бараа сураггүй болно. Хойноос нь халаглаж харамсах хүн нэгээхэн ч гарахгүй буюу гарсан ч өөрөө үнэгүй болсон амьтан яах ч билээ. “Үнэгүйн үнэгүй” гэгчийн жирийн явдал энэ.

 

Ийм явдпыг тоочно гэвэл үнэгүйдэгсдийн паянтай, гуниг харуусалтай бараан явдал барагдахгүй. Өвлийн улирлын өмнө дагжин чичирч өлсч цангаж суугаа өвгөд хөгшид өмнөд газрын баян компанид “зарагдсан” хөлсний ажилчид, өдөр шөнөгүй ажиллаад баян боссдоо “хулхидуулсан” цалингүй барилгачид гээд тоочвол үнэгүйдэгсдийн цуваанд төгсгөл алга.

 

Төр засгийн эрх баригчид “хүний эрх, эрх чөлөө”, “Монгол хүний үнэ цэнэ”, “Ардчиллын үнэт зүйл”, “олон түмний эрх ашиг” гэх мэтээр гоё, цэцэн цэлмэг үгийг урсгаж, туг дарцаг

 мандуулж, өнгөлөг бөмбөлөг хөөргөх нь олон ч хөрсөнд нэг ч зүйл буухгүй өнгөрнө. Эрх баригчдын энэ “шоу” гэгдэх зүйлийг шарын шашны лам хуврагууд болон Христ есүс шашинтнууд илэрхий баярлан хүлээн авч залбиран наминчлах нь гүн хүндэтгэлтэй. Ёстой даган баясах гэгчийг ёсоор нь үзүүлнэ. Тэгснээ үнэгүйдэгсдийн төлөөлөлд “буян”-ы будаа халбагдуулаад “Та бүгд нигүүлсэнгүй, ариун сэтгэлийг барьж аливаа нүглийг тэвчих хэрэгтэй. Хэн ариун сэтгэлийг барьж өлссөн ч өлсөөгүй юм шиг, өвдсөн ч өвдөөгүй юм шиг байж чадвал тэр хүн аз жаргалыг үзнэ. Бурхан багш болон ертөнцийн эзэн ч гэсэн их зовлонг биеэр туулж байж бодисадва дүрийг олж жаргацгаасан. Ум сайн болох болтугай” гэж ерөөнө.

 

Лам багш нарын хэлснээр жирийн олон үнэгүйчүүд ариун сэтгэлийг барьж төрийнхөө сүлдэнд залбирч, дорой дуугарч, доогуур харавч төрийн ивээл хайр, дээдсийн амласнаар үл ирнэ. Харин ч төрөөс элдэв хууль цаазаар эрх чөлөөг нь хязгаарлаж, үгээгүй ядуурлыг гүнзгийрүүлж, үхэл, шорон хоёр л авилга нэхэлгүйгээр үүдээ нээх нөхцөлийг бүрдүүлж “хүмүүнлэг ардчилсан нийгэм гэсэн алтан хаягийг зүүх аж. Энэ гоё хаяг ямар ч тустайг мэдэх хүн үгүй бөгөөд мэдэхийг ч үл хүснэ. Ийм ажин түжин ахуйд үнэ цэнээ өөд татахыг бодсон нэг нь өөрийгөө шатааж, нөгөө нь зулын гол болно гэж зүтгэнэ. “Галын дөл өөдөө” гэж үг байдаг ч дэмжих бурхан үгуй учир түлэнхийн төвөөс өөр авралын орон үгүй.

 

Авилгажсан төрийн хуурмаг эх оронч түшмэлүүд хүн үнэгүйдэж байгааг мэдсэн дүр эсгэн “матрын нулимс” гэгчийг завгүй унагавч цаанаа албан тушаал, ашиг хонжооны хор найруулан, сүүдрээ чичирсан “чөтгөрүүд” болох нь гачлантай. Тэднийг хүний зовлон, хүүхдийн нулимс, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал, харийн тохуурхал, гаднын санаархал үл цочроох бөгөөд дан ганц шуналын хар хүүдийгээ дүүргэх боломжийг хайх нь ер бусын. Бусдын үнэ цэнийн уналт тэдэнд хамаагүй, зөвхөн хүний  зовлонгоос мөнгө саахыг чухалчлах мэт.

“Монголын үрс маш олон болтугай” гэсэн Их зохиолчын сэтгэлийн шившлэгийг “Монголын үрс маш үнэгүй болж байна” гэж зах эээлийн ороо бусгаа салхи шивнэн исгэрнэ. Энэ исгэрэлтийн дундаас “Нэгэн зэргээр зориглон хөдөлвөөс үл хүрэх газар үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрч чадахыг дан ганц бидний сэтгэлийн чин мэднэ” гэсэн алсын үг үе үе цуурайтах нь хачин. Энэ үгийг санах тоолонд “капитализм булшлагчаа өөрөө төрүүлдэг” гэсэн “коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж байх” цагийн номнол зурсхийж айдас төрүүлнэ.

 

Их үнэгүйдлийн цаана хорсол нуугдаж байсаар нэгэн цагт “галаар наадаж, цусаар цэнгэх” цуст хувьсгалын хийрхэл дэгдэхийг хэн байг гэх билээ. “Жаргалд тааз, зовлонд ёроол бий” буюу. Нэг хэсэг нь “таазыг нэвт жаргаж, нөгөө нь ёроолдоо удаан хэвтэж зовох” нь тэнгэрийн таалалд үл нийцэхийг хэн байг гэхэв. Хэт үнэгүйдэж байгаа жирийн олон түмэнд буруу бий эсэхийг тэнгэр л мэдэх байх. Тэнгэр буруутанг гэсгээж, зөвийг тэтгэдэг гэсэн монголчуудын эртний номнол буйг санаж явахад юунд илүүдэх билээ.

МУСГЗ Н.Даваадаш

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button