Х.Гантулга: Улсын цолонд хүрч, түүндээ эзэн болж барилдахыг зорьж байна

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Контейнер Хаус” компанийн бөх, аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулгатай ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймгаас төрөн гарсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс улсын цолонд хамгийн ойрхон бөх хэмээн нэрлэгдээд байгаа юм.
-Энэ жил Дархан-Уул аймгийн наадамд зодоглоод, арслан цол хүртсэн. Яагаад өөр аймагт очиж барилдсан юм бэ, аймагтаа барилдах боломж байгаагүй юм уу?
-Энэ жил Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цол авсан. Ихэнхдээ тунаж барилдсаар байгаад л түрүүлсэн дээ. Үзүүр, түрүүнд Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан А.Амараатай үлдэж, давснаар аймгийн арслан цолны болзлыг хангасан. Би аймагтаа гурав, дөрвөн жил барилдсан. Тэр хугацаанд түрүүлэх хэмжээнд хүрсэн хэдий ч чадаагүй. Нэг л болж өгдөггүй байсан. Гайгүй барилдаад, дээшээ гарч ирээд л уначихдаг байсан. Эсвэл бүр дор даваанд уначих жишээтэй. Тийм учраас энэ жил өөр аймагт барилдаад үзье гэдэг шийдвэрийг гаргасан. Анх 2010 онд Дархан-Уул аймагт хүүхэд, залуучуудын улсын аваргын тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Түүндээ бэлгэшээн Дархан-Уул аймгийг зорьсон юм.
-Улсын наадамд хэрхэн барилдаж байв. Сайн барилддаг залуучууд залуугаараа цол авч байгаа л харагдах юм?
-Би 2011 онд улсын наадамд барилдаж, гурвын даваанд А.Сүмбээ арсланд унаж байлаа. Мөн 2014 онд улсын цол авах бодолтойгоор аймагтаа барилдалгүй, шууд улсын наадамд барилдаж, хоёрын даваанд Б.Соронзонболд заанд өвдөг шороодсон.
-Аймгийн том цолгүй болохоор оноолт нь хэтэрхий доогуур, чанга таараад байна уу?
-Улсын наадамд ч, заалны барилдаанд ч нэг хоёрын даваанд том бөхчүүдтэй таарчихдаг байсан. Харин одоо аймгийн арслан цол хүртсэн болохоор эхний даваанд том цолтой бөхтэй таарахгүй болж байна. Тэгэхээр амжилт өсөх байх аа.
-Бөхийн өргөөнд долоо хоног болгон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болдог. Арслан цолтой болсноосоо хойш хэр их барилдсан вэ. Бяр дагаж амжилт өсдөг гэдэг дээ?
-Тодорхой хэмжээнд амжилт гаргасан. Аймаг цэргийн барилдаанд намраас хойш барилдаагүй. Саяхан болсон барилдаанд улсын цолонд ойрхон бөхийн шагнал авсан. Мөн Монгол бахархлын өдөр болсон шилдэг 128 бөхийн барилдаанд оролцож, хоёрын даваанд Р.Пүрэвдагва начинг, гурвын даваанд Т.Баасанхүү начинг давж, дөрвийн даваанд Н.Батсуурь арсланд өвдөг шороодсон.
-Дараа жилээс бол улсын цолонд хүрэхийн төлөө л барилдана биз?
-Тийм ээ, улсын том цолонд хүрэх зорилготой, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Аймгийн арслан цолонд хүрэх зорилготой байсан. Түүндээ ч хүрчихлээ. Тийм болохоор улсын цолонд хүрч барилдахын төлөө бэлтгэлээ илүү эрчимтэй хийнэ дээ.
-Бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна вэ?
-Д.Ганхуяг арслангийн удирдлага дор “Их монголын хүчтэн” клубт хийдэг. Мөн улсын начин Б.Адъяахүү багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байна.
-Таны дархан мэх гэвэл?
-Шуудагнаас барилцах, заримдаа хөл авах мэх хийдэг.
-Багаасаа барилдаж эхэлсэн үү?
-Арван жилд байхдаа самбо, жүдо зэрэг аймагт болсон өсвөр үеийнхний бүх л тэмцээнд оролцдог байлаа. Өсвөрийн улсын аваргаас самбо, жүдогоор хүрэл, залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль авсан. Самбо бөхийн улсын аваргад оролцсоны дараа бөхөөр дагнаж хичээллэе гэдэг бодолтой болсон.
-Самбо, жүдогоор шаггүй л барилдаж байсан байна. Яагаад үндэсний бөхөөр хичээллэх болов?
-Тухайн үед жүдогийн залуучуудын улсын аваргад түрүүлнэ гэж бодож байлаа. Гэтэл мөнгөн медаль авсан. Тэгэхэд “Би түрүүлж чадахгүй, гадагшаа тэмцээнд явахгүй бол мөнгө, хүрэл аваад л байх юм байна” гэдэг бодол орж ирсэн. Энэ бодол үндэсний бөхөөр хичээллэхэд нөлөөлсөн. Тэгээд самбо бөхийн өсвөрийн улсын аваргад түрүүлээд, гадагшаа тэмцээнд явах гэхэд зардал мөнгөний асуудал гарч ирсэн. Өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүллээ гэхэд шигшээ багт авдаггүй. Энэ мэт олон шалтгаан үндэсний бөхөөр барилдах сонголт хийхэд хүргэсэн юм.
-Өвөрхангай аймагт нэг хэсэг бөхийн ундарга багассан. Харин одоо хүчтэй бөхчүүд олноор төрөн гарч байна. Өвөрхангай аймгийг төлөөлөн барилддаг бөхийн хувьд улсын наадмын бөх хэзээ тодорно гэж боддог вэ. Энэ асуултыг иргэд ч бие биедээ тавьж байгаа харагддаг?
-Өвөрхангай бөхийн өлгий нутаг. Дархан аварга, арслан, заан цолтой бөхчүүд олон бий. Сүүлийн үед дээгүүр барилдах нь тааруухан болсон. Гэхдээ улсын наадмын түрүү бөх, цаашлаад аварга удахгүй төрнө гэж найддаг. Арван жилийн дотор манай аймгаас улсын аварга төрөх байх.
-Сүүлийн үед бөхийн нэр төр унаж байгаа юм шиг санагддаг. Найраагаар цол авсан гэж их ярьдаг болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Зарим хүн эндүүрч хамаагүй ярьдаг. Залуу бөхчүүд барилдаад л байдаг, улсын цолонд хүрч чадахгүй бол нэмэргүй биз дээ. Үнэхээр сайн барилддаг, чансаатай бөхчүүд улсын цолонд бага залуудаа хүрээд, сайхан л барилдаж байна. Гэхдээ сайн барилддаг мөртлөө тунаанаас гарахгүй, эсвэл бусад нутгийн том цолтой бөхөд амлуулаад уначихаад байхыг алийг тэр гэх вэ дээ. Тийм болохоор ахмад бөхчүүд нь залуучуудаа дэмжиж, цолонд хүргэх бол байх л асуудал гэж боддог. Нэг ёсондоо дараа үеэ бэлдэж байгаа хэрэг. Харин мөнгө төгрөг өгч, найраа хийдэг бол өөр асуудал. Би тэр талаар сайн мэдэхгүй юм.
-Тамирчин бүрт үлгэр дуурайлал авч, хүндэлдэг хүн байдаг. Таны үлгэр дуурайл авдаг хүн хэн бэ?
-Би Д.Сумъяабазар аварга, Б.Гантогтох гарьд хоёрыг их хүндэлж, тэдэн шиг л барилддаг болох юмсан гэж хүсдэг байлаа. Барилдааны бичлэгүүдийг нь үзэж, туршлага судалдаг. Тэндээс ямар барьц авах уу, хэзээ, ямар мэх хийвэл зүгээр байна вэ гэдгийг мэдэж авдаг.
-Үндэсний бөхийн дүрмийг сайшаадаг ч хүн байдаг. Шүүмжлэх хүмүүс ч бий. Бөх хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Барьц сонгохыг байхгүй болгосон нь дээр санагддаг. Гэхдээ аливаа юм чинь хоёр талтай шүү дээ. Хэрвээ барьц сонголт байхгүй болчихвол бөх удаан, хүмүүс үзэхэд төвөгтэй, сунжирсан болох байх. Тэгэхээр хурдан барилдуулах талын дүрэм байх хэрэгтэй юм шиг. Үүнийг барьц сонгохоос арай өөрөөр шийддэг байж яагаад болохгүй гэж. Барьц сонгох бол том биетэй бөхчүүдэд давуу талтай болоод байгаа. Гэхдээ бөхчүүд аль болох дүрмэндээ тааруулаад л бэлтгэлээ хийдэг. Барьц сонгуулчихвал яаж барилдах вэ гээд л олон арван удаа давтана, бэлтгэл хийнэ шүү дээ. Өмнө нь барьц сонгосон хүн давдаг байсан. Харин одоо барьц сонгуулсан хүн нь давдаг болсон байна. Барьц сонгочихлоо, баттай давна гэж бодолтгүй болсон. Ямар ч тохиолдолд нягт л барилдах хэрэгтэй.
-Ирээдүйд тавьж байгаа зорилгынхоо тухай ярихгүй юу?
-Миний нэн тэргүүний зорилго бол улсын цол авах. Мөн авсан цолоо баталж, цолондоо эзэн болж, ард түмэндээ сайхан барилдаан үзүүлэхийг хүсдэг.