Ирэх онд мөргөлдөөний бүсэд 16.7 сая хүүхэд төрнө

Дэлхийн найман хүүхэд тутмын нэг нь мөргөлдөөний бүсэд мэндэлж байгаа тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ тайланд мэдээлжээ. ЮНИСЕФ-ийн тайланд дурьдаж буйгаар, энэ онд мөргөлдөөний бүсэд 16.6 сая орчим хүүхэд төрсөн нь өнгөрсөн оныхоос 200 мянгаар олон байна.
Ирэх онд мөргөлдөөний бүсэд 16.7 сая хүүхэд төрнө гэж тус байгууллагын шинжээчид тооцоолжээ. “Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ирак, Өмнөд Судан, Сири, Йемен зэрэг мөргөлдөөн дэгдсэн орнуудад эсвэл тулалдааны талбарыг орхихоор гарсан аюултай замыг туулах үед эх, хүүхдүүд ихээхэн эрсдэлтэй тулгарч байна. Эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авалгүйгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд амаржиж байгаа бол хүүхдүүд нь тав хүртэлх насандаа нас барах эрсдэл харьцангуй өндөр байна” гэж Хүүхдийн сангийн тайланд дурьдсан байна. Энэ жил 200 мянга гаруй хүүхэд Европын Холбооноос түр оршин суух эрх хүсчээ. Дэлхий даяар 30 орчим сая хүүхэд мөргөлдөөний аюулын улмаас орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн бол 250 гаруй сая хүүхэд мөргөлдөөнд өртсөн бүс нутгуудад амьдардаг байна.