Сонгуулиар "Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно" гээд лоозон бариад гараад ирэх вий дээ

Хүний эрхийн тухай хуульд хүүхэд бүхэн тэгш эрхтэй. Тэднийг өсөж торнисон газар, орчин нөхцөлөөр нь ялгаварлах эрх хэнд ч байхгүй. Тийм ч учраас Ерөнхий боловсролын сургуулиудад баян ядуугийн заагийг арилгах гол хөшүүрэгтэйгээр хүүхэд бүрийг нэг ижил дүрэмт хувцас өмсгөдөг билээ.
Гэтэл өнөөдөр эрх барьж буй албан тушаалтнууд хүүхдийг амьжиргааны түвшин, эцэг эхийн боловсрол, ажил мэргэжлээр нь харгалзан ялгаварлаж, “Хүний хөгжил сан”-аас сар бүр олгодог 21 мянган төгрөгийг ялгавартай олгох шийдвэр гаргаад байгаа.
Энэ нь нөгөө л ам бүхний таглаа болдог эдийн засгийн хямрал гээчтэй холбоотой бөгөөд Улсын төсөв хүнд байгаа учир ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Харин уг мөнгийг ирэх жилээс олгохдоо Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгох гэж байгаа.
Тодруулбал, Монгол Улсын нийт айл өрхийн амьжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг болсон бөгөөд энэ үзүүлэлтийг уг мөнгийг олгоход ашиглана. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийн мөнгийг л хэвийн үргэлжлүүлэн олгоно. Эдгээр бүлэгт нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгч буй. Мөн 2016 оны төсөвт хүүхдийн мөнгийг 144 тэрбум төгрөгөөр суулгасан гэдгийг албаныхан мэдэгдэж буй.
Харин 18-20 дугаар бүлэгт хамаарах амьжиргааны түвшин өндөрт ордог гэр бүлийн хүүхдүүдэд эл мөнгө очихгүй болж байгаа юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган амьжиргааны түвшингээ дахин үнэлүүлсэнээр хүүхдийн мөнгө 21 мянган төгрөгөө авахыг эсэхийг шийднэ гэж байгаа.
Гэхдээ эл мөнгийг олгохдоо амьжиргааны түвшингээр нь ялгаварлан олгох болсонд зарим эцэг эхчүүд бухимдалтай байна. Учир нь энэхүү Хүний хөгжил сангаас олгогддог Хүүхдийн мөнгө бол бүхий л гэр бүлүүдэд хүүхдийнх нь ирээдүйн баталгаа болж байсан. Энэхүү мөнгийг өнөөдөр тарчиг амьдралтай айл байлаа ч гэсэн хүүхдийнхээ ирээдүйн төлөө 21 мянгад нь гар хүрэлгүй шууд хадгаламжид нь хийж хадгалж, хуримтлал үүсгэж байгаа өчнөөн гэр бүл бий билээ. 21 мянган төгрөгийг бүтэн жилийн турш хадгалахад 252 мянган төгрөг болно. Энэ мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулж 18 нас хүртэл нь хадгаллаа гэхэд овоо мөнгө болно. Тэд энэхүү мөнгийг илүү гарсандаа бус хүүхдийнхээ төлөө л хуримтлуулж буй. Гэтэл Улсаас энэхүү мөнгийг цаг тухайд нь хэрэглэхгүй л бол илүү мөнгө хэмээн тооцож, зарим хүүхдүүдэд өгөхөө больж байгаа нь тэднийг ялгаварлан гадуурхсан явдал мөнөөс мөн.
Хүүхэд бүрийн ирээдүйн төлөө хэмээн том том тооцоо бодож, тоо ярьж гарч ирсэн улс төрчид дараагийн сонгууль ойртохтой зэрэгцэн ийм шийдвэр гарган, хүүхдүүдээ алагчилж байгаа нь ёс суртахуунт явдал мөн үү.
Дараагийн сонгуулиар дахиад л хэн нэг нэр дэвшигч нь “хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно” хэмээн лоозон бариад л гараад ирнэ. Ийм үзэгдэл болно гэдэгт олон эцэг эхчүүд итгэлтэй байна. Тэгэхээр хүүхдийн мөнгийг хасаж байгаа нь төсвийн таналттай холбоотой гэх ч цаанаа улс төрчдийн сонгуулийн сурталчилгаандаа бэлтгэж байгаа нэг арга заль хэмээн харагдана.
Хамгийн зөв сонголт бол хүүхэд бүрийн ирээдүйн баталгаа болсон эл мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй болгох. Хүүхдийг яс үндэс, удам угсаа, гарал үүслээр нь ялгаварлах хориотой биз дээ.
olloo.mn