Хятадын агаарын бохирдол дахин улаан төвшинд хүрчээ

БНХАУ-ын Бээжин хотын албан хүмүүс агаарын бохирдлын төвшин “Улаан” тэмдэглэгээнд хүрсэн тухай өнгөрөгч бямба гарагт мэдээллээ. Ингэснээр үйлдвэрүүд хаалгаа барьж, автомашинуудыг дугаарын хязгаартайгаар зорчуулах зэргээр яаралтай арга хэмжээнүүд авч эхэлжээ. Тус хотод 2013 онд нэвтрүүлсэн анхааруулгын “Улаан” дохиоллын тэмдэглэгээнд агаарын бохирдлын төвшин энэ сарын 7-нд анх удаагаа хүрч байсан бөгөөд хоёр дахь удаагаа улаан тэмдэглэгээнд хүрсэнээ хотын удирдлагууд зарлав. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар дөрвөн шат бүхий дохиоллын хамгийн дээд төвшин болох улаан дохиолол энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.

АНУ-аас Бээжин  хотноо суух Элчин сайдын яамнаас мэдээлснээр нүдэнд үл үзэгдэх нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын хэмжээ бямба гарагийн өглөө нэг кв.метрт 260 микрограммыг давжээ. Харин үдээс хойшдоо 140 микрограмм болж буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор PM2.5-ын хэмжээ хоногт хамгийн ихдээ 25 микрограмм байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг ажээ.  Үүнтэй холбогдуулан тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Хонг Лей мэдээлэл хийж, “БНХАУ-ын Засгийн газар байгаль орноо хамгаалах асуудлыг нэг номерын зорилтоо болгон ажиллаж байна” гэж тэмдэглэсний зэрэгцээ “Манай улс энэ чиглэлд хэд хэдэн тулгамдсан асуудалтай нүүр тулаад байна” гэж онцолсон байна.

Дашрамд дурдахад, хамгийн олон хүн амтай, хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улсад  агаарын бохирдлын асуудал аюулын харанга дэлдэж буйтай холбоотойгоор Канадын Виталити Эйр гэх компани савласан цэвэр агаарыг экспортолж эхлэв. Тус компанийн зүгээс эхний ээлжид Хятад руу 500 сав цэвэр агаар экспортолход дөрвөн өдрийн дотор л зарагдаж дууссан байна.  Эхний бүтээгдэхүүн амжилттай зарагдсан тул тус компани дахин 4000 сав цэвэр агаар Хятад руу тээвэрлэж буй бөгөөд эдгээр бүтээгдэхүүний ихэнхи нь захиалгаар худалдаалагдсан гэнэ.  Ямартай ч, агаарын бохирдлын төвшин нэмэгдсэн орнуудад цэвэр агаарын худалдаа цэцэглэх хандлагатай болж ирлээ.

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button