Машинаа ачуулж байж л…

Монгол Улс уг нь замын хөдөлгөөний дүрэм, журамтай. Бүр хатуу гэж болохоор хуультай орон. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчигсөд хаа сайгүй л байсаар байна. Өнөөх дүрэм, журмыг нь хэн ч “идчихсэн” юм бүү мэд. Бас сүр дуулиан болж батлаад байсан хатуу хуулийг нь дагаж, мөрдөж байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Мөрдүүлж байгаа ч хүн гэж алга. Явган хүний гарц дөхөөд ирэхээр хүн гарах гэж байгааг харсаар байж хурдаа нэмдэг жолооч нар дүүрэн байна.

Үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, урсгал сөрөх, гэрэл дохио зөрчих гээд замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг гууль болгож байгаа үйлдлийг тоочоод барахгүй. За тэр түр зогсохыг хориглосон газар зогсох, нэгдүгээр эгнээнд машинаа тавих энэ тэрийг яриад ч хэрэггүй. Угаасаа Улаанбаатар хотод замын нэгдүгээр эгнээ зогсоол болоод удаж байна. Харин нэг хэсэг замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан жолоочид хатуухан хариуцлага тооцож байлаа.

Өөрөөр хэлбэл, автомашиныг нь ачиж, журамладаг байв.  Энэ ажлыг хэрэгжүүлж байхад  замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн талаар албаны хүмүүс хэлж байна. Харин машин ачихаа больсноор түгжрэл улам нэмэгдэж, замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар шалан дээр уначихаад байгаа. Иргэд янз бүрээр хэл ам хийсээр байгаад болиулсан. Эрх зөрчиж байна гэх мэтээс авахуулаад юу юу гээд байлаа даа, байз.

Тэгж тэгж болиулсан. Гэтэл машин ачих, дугуй түгжихээ больсноос хойш замын нэгдүгээр эгнээнд хэн дуртай нь унаагаа тавьж байна. Ачихгүй юм чинь гэдэг байдлаар сэтгээд байна, монголчууд. Ер нь бол замын хөдөлгөөний дүрмээ л биелүүлчих юм бол машин ачих гээд байх шаардлага гарахгүй биз дээ. Дугуй түгжих гэж ч явах хүн байх шаардлагагүй болно. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхээсээ илүүтэй биелүүлэхгүй нөхдүүд нь их байна.

Тэгэхээр тэдний эсрэг дүрэм ярьж тэмцээд нэмэргүй. Угаасаа биелүүлэх сонирхолгүй, бусдын эрх ашгийг боддоггүй. Зөвхөн өөрсдөө л болж байвал боллоо гэж сэтгэдэг. Ийм нөхдүүд олон байгаа юм чинь эдийн засагтай нь ярьж, сэтгэхүйг нь өөрчлөхөөсөө өөр яах юм бэ. Өөрсдөө аяндаа өөрчлөгдөөд, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг болгоно гэвэл элсэн цөлд бороо орохыг хүлээж байгаагаас ялгаагүй болох байлгүй. Тийм болохоор ачдаг, түгждэг байдлаар үргэлжлүүлэх л хэрэгтэй.

Харин эхлээд сайтар сануулаад, хэлээд, машинаа холдуулахгүй бол ачлаа гэдгээ хэлдэг л байх хэрэгтэй.  Ер нь энэ ажлыг сонгууль дөхөж байгаатай холбоотой болиулсан гэх ч яриа байгаа. Ер нь бол зарим ажлыг ард түмэнд таалагдах гэж биш болохгүй зүйлийг засахын тулд шийдэмгий хийж байх ёстой. Тэгэхээр он гаргаад машин ачдаг ажлаа үргэлжлүүлэхэд яах вэ дээ. Гол нь хулгайлах нь холгүй л ачдаг байдлаа больчих хэрэгтэй.

Түүнээс биш машин ачих чинь тийм ч бүтэхгүй ажил биш. Зарим хүмүүс зүгээр л торгоод өнгөр гээд байна билээ. Бас ч болохгүй юм байхгүй. Ямар ч байсан замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа нөхдүүдтэй хатуухан тэмцэхгүй бол болохгүй байна.  Ер нь бол ийм мэтийн нөхдүүд машинаа ачуулж байж л ухаан сууна даа, өөр арга байхгүй.  Тийм болохоор ухаан суутал нь машиныг нь ачиж байсандаа ч буруудах юун.

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button