Байршил тогтоох төхөөрөмж нь жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан билээ. Уг төхөөрөмжийг  хот, улс хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлд суулгаснаар гарсан өөрчлөлт, үр дагаврын талаар зарим зүйлийг Авто тээврийн үндэсний төв, тээвэр зохицуулалтын газрын хөдөлгөөний хэлтсийн дарга Н.Эрдэнэжаваас тодрууллаа.

-Хэзээнээс  байршил тогтоох /GPS/ төхөөрөмжийг суулгаж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн бэ?

-2014 оны нэгдүгээр сарын 1-ээс  GPS төхөөрөмжийг суулгаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Уг ажил зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарыг хүртэл түр саатсан. Энэ нь төхөөрөмж нийлүүлэгч байгууллагатай төлбөрийн маргаантай байснаас үүдэлтэй. Гэхдээ дээрх асуудлыг шийдэж, уг ажлыг аравдугаар сараас дахин эхлүүллээ.

-Тэгэхээр одоо өөр компанитай гэрээ хийн ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Орос улсаас Wialon Hosting төхөөрөмжийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Уг төхөөрөмж нь олон давуу талтай.  Дурьдвал, олон төрлийн байршил тогтоох төхөөрөмжтэй харилцаа уялдаатай ажиллаж чаддаг. Мөн тайлан мэдээ, зогсох зогсоолийн хуваарийг төхөөрөмжийг ажиллуулж буй удирдлага нь автоматаар тохируулж өгдгөөрөө онцлог. Түүнчлэн өгөгдөж буй мэдээллүүдийг ангилж,  тооцоолдог гэх мэтээр тоочвол маш их давуу тал бий.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд  байршил тогтоох төхөөрөмж суулгахын ач холбогдол нь?

-Энэхүү ажлыг хэрэгжүүлснээс  хойш осол гарах байдал багассан. Авто тээврийн үндэсний төвийг нийслэлийн тээврийн газартай үйл ажиллагааг нь эндүүрэх явдал гардаг. Манай байгууллага нь хот  болон улс хоорондын зорчигч тээвэрлэгч нийтийн тээврийг хариуцан хянадаг юм.

-Энэ онд хэдэн нийтийн тээвэрт уг төхөөрөмжийг суулгасан байна вэ?

-Бага, дунд, том оврын 760 гаруй автобус уг төхөөрөмжийг суулгаад байна. Мөн Багануур, Эрдэнэт, Дархан чиглэлд хувиараа зорчигч тээвэрлэдэг 170 гаруй жолооч нартай гэрээ хийн ажиллаж байна. Мөн 45 аж ахуй нэгжтэй гэрээ хийн ажилладаг. Уг гэрээг жил бүр эргэн харж, сонгон шалгаруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжээр дамжуулан хувь хүнтэй хамтран ажилладаг гэсэн үг юм.

-Байршил тогтоох төхөөрөмж суулгаснаар  тээврийн хэрэгслийг  алсын зайнаас хянадаг боллоо гэсэн үг үү?

-Энэхүү систем нь тээврийн хэрэгслээс байршил, хурд, хөдөлгүүрийн төлөв, зорчиж буй хөдөлгөөний чиглэл, ослын дохио, жолоочийн мэдээллийг хүлээн авна. Мөн нэмэлт мэдрэгч, төхөөрөмж суулгаснаар жолоочтой шууд холбогдох, текст мэдээлэл солилцох, тээврийн хэрэгслийн дотор гадна талыг камераар харах, зорчигчдыг тоолох, шатахуун зарцуулалт, ачааны жин болон дугуйн хийн даралтыг хэмжих, температурыг мэдээлэх, электрон лац зэрэг мэдээллийг дамжуулах боломжтой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, бид байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан улс, хот хоорондын том, дунд, бага оврын автобусуудын хөдөлгөөнийг 24 цагаар хянаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Ингэснээр зорчигч болон жолоочийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж буй хэрэг мөн. Ер нь байршил тогтоох төхөөрөмж нь жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй.

-Байршил тогтоох төхөөрөмж суулгаснаас хойш гарсан бодит өөрчлөлтөөс дурьдвал?

-Одоогоор жилийн эцсийн харьцуулалт гараагүй байна. Энэ нь олон шалтгаантай. Гэхдээ өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулсан үзүүлэлтийг манай мэргэжилтнүүд гаргасан. Үүнээс үзэхэд, хурд хэтрүүлэлт 2014 онд 550 мянга гаруй удаагийн давтамжтай байсан бол энэ жил 313 гаруй мянга болон буурсан байна. Ер нь хурд хэтрүүлэлт, түүнээс хамаарах осол буурсан байгаа юм.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button