С.Дэмбэрэл: 100 хувь пропорциональ хувилбар байвал бүр сайн

Сонгуулийн хуулийн төслийн талаар ИЗНН-ын байр суурийг хүргэе. Энэ талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ингэж ярилаа.
–Та Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэгт байгаа юу?
-Уг нь орсон ч би гарчихсан.
–Тэгвэл хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-38:38 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа. 100 хувь пропорциональ болбол бүр сайн байна. Гэхдээ хоёр том нам харилцан тохиролцож чадахгүй байгаа. Одоо л нэг юм хуралдах гэж байна. Машинаар, гараар тоолно гэж баахан маргасан. Тэгээд хүн л юм болохоор нэг шийдэл оллоо. Тэр нь тохиролцож болох юм гэсэн шийдвэр.
–Хоёр нам ямар тохироо хийсэн юм бол?
-Үндсэн тооллого нь хар машинаар явна, давхар техникийн тооллого явна гэж тохирлоо. Техникийн тооллого гэдэг нь хар машин үнэн зөв тоолж байгаа эсэхийг хянана гэсэн. Хамгийн том асуудал бол 28:48, 38:38 байх уу, эсвэл 100 хувь пропорциональ байх уу гэдэг. Бид нэг зүйлийг бодох ёстой. Монгол Улс парламентын засаглалтай орон. Энэ засаглалаа улс төрийн намуудаар дамжуулж сайжруулах учраас хүссэн, эс хүссэн ч пропорционалийг дэмжих учиртай.
–Жагсаалтын ард хэн нуугдаж байгаа нь мэдэгдэхгүй учраас пропорциональ хувилбарыг халах хэрэгэй гэж зарим гишүүн үздэг биз дээ?
-Ингэхээр ард түмний өмнө муу хүн болж харагддаг. Жишээ нь би жагсаалтаар нэр дэвшсэн учраас муу гэж нэрлэгддэг. Тэгвэл би муу хүн биш учраас намын жагсаалтаа улам боловсронгуй болгох ёстой. Ингэхийн тулд нам, хүнийг нь харж сонгодог давхар хувилбар хийнэ гэсэн үг. Жагсаалтад орж нуугдахгүйн тулд ил тод болгоод өгчихье. Ажлын хэсэг дээр ийм хувилбар ярих байх. Мөн сонгуулийн санхүүжилтийн асуудал бий. Олон улсын туршлагаар яаж хөрөнгө бүрдүүлэх, хэрхэн зарцуулах вэ гэдгийг Р.Бурмаа нарын хуулийн төсөлд сайн зохицуулсан. Тэр тухайд МАН, АН зөвшилцөөд, хуулиа ялс батлаад Монгол Улс сонгуулийн шинэ систем рүү орох хэрэгтэй байна.
–Ийм хурдан хугацаанд баталж шинэ системтэй болох уу. Энэ долоо хоног л үлдсэн шүү дээ?
-Хүсвэл амархан. Өмнө нь хоёрхон хоногийн дотор асуудлыг шийддэг байсан биз дээ. Аливаа зүйл дотроо буцалж, бүрэлдсээр байгаад нэг л өдөр бий болдог. АН, МАН-ын бүлэг дээр ярилцсаар байгаад нэг мөр шийдчих байх.
–Таны ярьж байгаагаар 100 хувь пропорциональ болчихвол О.Баасанхүү нарын гишүүдийн санаачилсан төсөлд байгаа шиг улс бүхэлдээ нэг тойрог болох уу?
-Тийм, тэгвэл амар шүү дээ.
–Нам болгон 76 хүнээ жагсаагаад нэр дэвшүүлж сонгуулах гэж үү?
-Үүн дотроо янз бүрийн хувилбар бий. Герман бол мундаг улс шүү дээ. Ийм жишиг рүү орчихсон орон.
–Сонгуулийн товыг хойшлуулах тухай ажлын хэсэг дээр ярилцсан гэдэг үнэн болов уу?
-Тийм зүйл байхгүй.
–Сонгуулийн хуулийн өмнө, эсвэл дараа нь Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй гэж зарим нь ярьж байгаа. Энэ талаар Ерөнхийлөгч УИХ-д суудалтай болон суудалгүй намын төлөөлөлтэй өнгөрсөн долоо хоногт уулзсан. Энэ талаар ИЗНН ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуулийн төслийг бүрэн уншаагүй. Манай намын төлөөлөл тэр уулзалтад оролцсон. Аятайхан заалтууд байна гэсэн. Манай одоогийн Улс төрийн намын тухай хууль их хоцрогдсон. Олон улсын улс төр судлалын хүмүүс хуулийн төсөл дээр ажилласан гэсэн. УИХ дээр орж ирэхээр амьдралаас хол тасархай юу байна, түүнийг нь засаад хэлэлцээд явна. Уг нь хос морь гэдэг шиг Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл хамт явчихвал чухал. Хоёуланд нь шинэ орчин үүсгэчихвэл сайн юм.
–Бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг энэ долоо хоногт батлана. Мөн л чухал хууль биз дээ?
-Нэг их чухал биш. Хууль батлагдлаа гэхэд цаашаа Үндсэн хуулийн өөрчлөлт гээд явахгүй. Үүнийг больсон. Хууль зүйн ямар ч хугацаа байхгүй.
Зууны мэдээ
М.Цэцэг