Мэдээллийн технологийн "Оны хүн-2015”-ын шилдгүүд тодорлоо

Мэдээллийн технологийн Оны онцлох хүнийг шалгаруулах 12 дахь удаагийн Технологийн "Оны хүн-2015” арга хэмжээ энэ сарын 18-нд Мэдээлэл технологийн Үндэсний паркад боллоо.
Уг шалгаруулалт арга хэмжээ нь 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болон явагдаж байгаа бөгөөд мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хүнийг сонгон шалгаруулж олон нийтэд таниулан алдаршуулдаг чухал ач холбогдолтой. Энэ удаагийн шалгаруулалт давхардсан тоогоор 35 хүн оролцож, есөн номинацид нэр дэвшиж, тэднээс салбартаа тэргүүлсэн шилдэг 10 шалгарсан юм.
Уг арга хэмжээг жил болгон амжилттай зохион байгуулж буй байгууллага бол яах аргагүй Монголын Хөгжлийн гарц ТББ бөгөөд энэ удаагийн хамтран зохион байгуулагчаар МТШХХГ, МТҮП, ХХЗХ, ШУА, Мидас/Монита / ТББ ажиллажээ.
“Технологийн оны хүн-2015” арга хэмжээг нээж, зохион байгуулагч байгууллага болох Монголын Хөгжлийн гарц ТББ-ын захирал н.Цэцэг-Өлзий үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ чухал арга хэмжээг хамгийн анх 2003 онд зохион байгуулахдаа “10 жил дараалан технологийн оны шилдгүүдийг тодруулчих юм сан” гэсэн бодолтой байсан. Гэтэл өнөөдөр 12 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Бүтэн 12 жилийг ардаа орхилоо. Зорилгодоо хүрлээ. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал гээд жаахан хүндхэн байсан ч арга хэмжээ, шалгаруулалтыг тасалдуулахгүйн төлөө их хичээлээ” хэмээн хэлэв.
Мөн уг арга хэмжээний үеэр урлаг соёлын алдартнуудаас ирж ая дуугаа өргөснийг тэмдэглэх нь зүйтай байх.
Ингээд Технологийн оны хүмүүсийг нэрлэхийн өмнө, уг шалгаруулалтыг явуулахдаа тогтсон журмын дагуу олон нийтийн санал болон экспертүүдийн саналаар шалгаруулсан гэдгийг дуулгая. Шалгаруулалтыг зөвхөн онлайнаар явуулсан бөгөөд 740 хүн санал өгчээ. Уг санал дээр есөн байгууллагын экспертүүдийн саналыг хурааж, дараах 10 хүнийг Технологийн оны шилдгээр тодруулсан байна.
1. МАНЛАЙЛАГЧ – “Интерактив Би Ай” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чимиддорж
2. ПРОГРАМ ЗОХИОГЧ – “Скайтел” Группын интеграцийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан
3. СУДЛААЧ – ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг
4. ИНЖЕНЕР – “Ай Түүлс” ХХК-ийн системийн инженер Л.Мөнхтөр
5. ТЕХНИКЧ – ХХЗХ-ны Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн С.Дашбалбар
6. АНДАГЧ – “Жи-Мобайл” ХХК-ийн зөвлөх Д.Басбиш
7. БИЗНЕСМЭН ДЭМЖИГЧ – УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа
8. ТҮШЭЭ ДЭМЖИГЧ – УИХ-ын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр
9. ГАДААД ДЭМЖИГЧ – “Хаан” Банкны Мэдээллийн технологийн газрын захирал А.Жоши нар шалгарчээ.
10. Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр “Астериск Техноложис” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонбаяр шалгарсан юм.
Ингээд Технологийн салбарынхаа шилдгийн шилдгээр тодорсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.
Энэхүү шалгаруулалтын “Судлаач номинаци”-д их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач хүмүүс нэр дэвшдэг юм байна. Нийт дөрвөн хүн өрсөлдсөнөөс ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг “Шилдэг судлаач”-аар шалгарсан билээ. Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ шагналыг надад улам ихийг хийж бүтээгээрэй гэж гардуулсан байх гэж бодож байна. Илүү ихийг хийх болно” гэлээ.
Харин “Ай Түүлс” ХХК-ийн системийн инженер Л.Мөнхтөр “Шилдэг инженер” номинацид түрүүлсэн билээ. Гэвч өөрөө ажил ихтэй тул ирж чадаагүй хэмээнтүүний өмнөөс тус компанийн захирал ирж, шагналыг нь гардсан юм.
н.Лувсанжамц: Боловсролын салбар мэдээллийн технологийн үзүүлэлтээрээ монголд тэргүүлж байна
Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хүртсэн "Түшээ дэмжигч" шагналыг бие төлөөлөгч тус яамны газрын дарга н.Лувсанжамц ирж гардсан юм. Тэрбээр сайдаа ийм нэр хүндтэй шагнал авч буйд баяр хүргээд уг шагналыг авсан учир шалтгааныг ийн хэллээ.
"Боловсролын салбарт Мэдээлэл технологийн томоохон архитектурыг хийх ажлыг Л.Гантөмөр сайд эхлүүлсэн. Энэ архитектурын хөгжүүлэлтийн ажил маш амжилттай хийгдэж байна. Энэ бол Ерөнхий боловсролын бүхий л сургуулийг хамарсан өргөн хүрээтэй ажил болсон. Одоо энэ ажил 80 орчим хувьтай явагдаж байна. Бид 2016 онд энэ ажлаа дуусгах бодолтой байгаа. Энэ программ, систем хийгдсэнээр багш, эцэг эхчүүд хамтран ажиллах боломж бололцоо улам нэмэгдэнэ, технологийн салбарын компаниудыг ч энэ хүрээнд ажиллах боломжийг бас олгох байх.
Нөгөө талаас салбартаа дэд бүтцийг бүрдүүлэх тал дээр олон ажил хийсэн хамгийн сүүлд гэхэд ЕБС-ийн нийт 25 мянган багшид нөүтбүүк олголоо. Энэ бол зөвхөн нэг удаагийн ажил биш. Цаана нь контент хөгжүүлэх ажил давхар хийгдэж байгаа. Мөн багш нарын ажиллах орчинг сайжруулах, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийг өөрийн ажилдаа нэвтрүүлэх боломжийгбагш, сурган хүмүүжүүлэгч нарт олгож байна.
Мөн энэ хавраас Улсын хэмжээнд бүх ЕБС-ийг шилэн кабелын сүлжээнд холбохоор бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад явж байна. Төрийн салбар бол бусдадаа түүчээ, үлгэр дууриалал болж явах ёстой гэж би хувьдаа ойлгодог. Иймээс манай салбарт хийгдсэн технологийн шинэчлэл бусад төрийн салбарт нэвтэрч, үүнээс санаа авч олон ажил хийгдэх байх гэж найдаж байна. Боловсролын салбарын бодлогын үндсэн чиглэл нь мэдээллийн технологийг нэвтрүүлэх.
Сүүлийн 3 жилийн хугацаанд боловсролын салбар мэдээллийн технологийн үзүүлэлтээрээ монголд тэргүүлж байна. Энэ нэр хүндтэй шагналыг Л.Гантөмөр сайдад гардуулж байгаад Боловсролын салбарынхныхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” хэмээсэн юм.
Энэхүү шалгаруулалтын үеэр салбартаа тэргүүлэгч ахмадууд ирж үгээ хэлж, залуустаа сургаалиа хайрлаж байсан.
Буурлаас үг сонс гэдэг сайхан Монго үг бий. Иймээс хүндэт зочноор уригдан ирсэн мэдээллийн технологийн салбарын ахмад буурлын үгийг сонслоо.
Ш.Бат-Эрдэнэ: Даяарчлагдсан сүлжээний дотор Монгол гэсэн нэгдмэл сүлжээгээ бий болгоорой, залуус аа
Энэхүү хүндтэй арга хэмжээний үеэр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Эрдмийн сургуулийн Нээлттэй инновацийн төвийн захирал, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын Академийн жинхэнэ гишүүн, Мэдээлэл зүйн шинжлэх ухааны доктор Ш.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Технологийн оны хүн шалгаруулах арга хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Залуучууд сүүлийн үед мэдээллийн технологийн салбарт хүч түрэн орж ирж байна. Залуучуудыг мэдээллийн технологийн үйл ажиллагааг Монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. 2003 оноос анхлан үйл ажиллагаа эхэлсэн. Энэ арга хэмжээгээр жил бүр оны шилдгүүдийг тодруулдаг. Ийм арга хэмжээний үр дүнд залуус ахмад үеэсээ суралцах, шинэ оновчтой мэдээллийн технологийг бий болгож нэвтрүүлэх, үйл ажиллагаа идэвхжих, суралцах, ахмад болон залуу үеийг хооронд нь холбож өгөх давуу талтай гэж бодож байна. Мөн залуучууд маань гадаад орны мэдээллийн технологийг монголдоо нутагшуулах, зүгшрүүлэх, эх орондоо хэрэгтэй зүйл бүтээх энэ үйл ажиллагаанд залуучуудыг уриалан дуудаж байгаа учир энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаад салбарын хүний хувьд их баярлаж явдаг.
-Та өмнө нь Технологийн оны хүн шалгаруулалтад бас оролцож байсан санагдана?
-Миний бие 10 дахь удаагийн шалгаруулалтаар “Оны анхдагч” гэсэн номинацид оролцоод шалгарч байсан. Сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээгд тасралтгүй ирж оролцож байна. Энэ шалгаруулалтад оролцогчдын хувь хэмжээг харахад залуусын хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаад би улам их баяртай байна.
-Энэ салбартаа анхдагч, ахмад хүний хувьд Монголын технологийн салбарыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголын хувьд дэлхийн жишигтэй харьцуулахад нээх дээгүүр биш ч гэсэн дунд хавиар явж байгаа. Бидэнд дутагдаж байгаа нэг зүйл гэвэл мэдээллийн технологийн салбар доторх интеграчлалын асуудал, нэгдмэл мэдээллийн систем бий болгох, их хэмжээний өгөгдлийн сан бүхий үндэсний хэмжээний сүлжээ бий болгох юм. Үүнийг л хийгээрэй гэж залуучууддаа захимаар байна.
Өөрөөр хэлбэл, даяарчлагдсан сүлжээний дотор өөрийн гэсэн сүлжээгээ бий болгох асуудал, үүн дээр үндэсний аюулгүй байдлаа мэдээллийн орон зайд хамгаалж үлдэх асуудал чухал ач холбогдолтой байна. Иймээс үүнд залуус маань анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Ө.Болд-Эрдэнэ: Залуус маань замаа олоод явж байгаа, олон шинэ зүйлийг санаачлан хийж байгаа
Дараа нь “BSB сервис”-т мэдээллийн технологийн чиглэлээр олон жил ажилласан Ө.Болд-Эрдэнэ гуайн сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр уг байгууллагад мэргэжлийнхээ дагуу олон жил ажиллаж, саяхан тэтгэвэртээ гарсан гэнэ. Гэхдээ л салбарынхаа хамгийн хүндэт энэхүү арга хэмжээнд оролцохгүй байж чадахгүй учир ийн иржээ. Тэрээр “Мэдээллийн технологийн салбарын тэргүүний хүмүүсийг шалгаруулдаг энэ арга хэмжээ 12 дахь жилдээ болж байна. Энэ жилийн уралдаанд оролцож байгаа бүх хүмүүстээ баяр хүргэж байна. Миний хувьд зааж сургаад байх юу байх вэ. Залуус маань замаа олоод явж байгаа. Олон шинэ зүйлийг санаачлан хийж байгаа. Иймээс цаашдын ажилд нь амжилт хүсээд ухаан саруул байхыг хүсье” гэв.
Технологийн “Оны Хүн-2015” шалгаруулалт мэдээллийн технологийн салбарын шилдгийн шилдгүүдийг шалгаруулах олон нийтээс гаргасан анхны санаачилга, арга хэмжээ бөгөөд шилдгүүдийг салбарын ажил мэргэжлийн онцлогийг тусгасан есөн номинациар тодруулдаг уламжлалтай.
Мэдээллийн технологийн Оны хүн шалгаруулалтад өнгөрсөн хугацаанд салбарын 386 шилдгүүд нэр дэвшиж, 789 хүн “МТ-ийн Оны хүн”-ээр шалгарсан байна. Шалгаруулалтад санал өгдөг байгууллага, хувь хүмүүсийн тоо жил ирэх тусам байнга нэмэгдсээр иржээ.
Хэрвээ та технологийн хүн бол дараа жилийн “Оны Хүн-2015” шалгаруулалт болтол салбартаа ихийг бүтээн амжилт бүтээлээ цэгнүүлэн нэр дэвшихдээ бэлтгээрэй. Мэдээллийн технологийн салбарынханд амжилт хүсье.
Olloo.mn